“Морин хуур найрал”-ын орон тоог багасга, Жанцанноровын хувийн чуулгыг тараа” хэмээн урлагийг шоу цэнгээнээр л ойлгодог, магадгүй филармони, дуурийн хаалгаар алхаж ороогүй, хөгжмийг сонсож мэдэрч үзээгүй зарим нөхөд, төрийн албан тушаалтнууд, хар массын бодолгүй, болгоомжгүй, мэдлэггүй бичвэр, хөгжимчдийн болон хөгжмийн урлагийн хувь заяанд бүдүүлгээр халдах болчимгүй шийдвэрийг Засгийн газраас гаргаж буй энэ цаг дор МОРИН ХУУР НАЙРАЛ ХӨГЖИМ бүтэн дөрвөн цагийн турш үргэлжилсэн дан хөгжмийн тоглолтыг ямарч дуулиан шуугиангүйгээр өнгөрсөн баасан гаригт хөгжмийн мэргэжилтнүүд болон эгэл жирийн хөгжим сонирхогч үзэгчиддээ өргөн барилаа. Энэ нь Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Монгол хөгжим” цувралын хүрээнд явагдсан УГЗ, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярын бүтээлүүдээр дагнасан “Хурмаст тэнгэр” нэртэй тоглолт юм. Жинхэнэ мэргэжлийн академик хэв шинж бүхий энэхүү концертыг хөгжмийн зохиолч өөрөө хөтлөн бүтээлийн талаарх мэдээллийг цэгцтэй оновчтой өгсөн нь тоглолтын агуулга, үр дүнд нөлөөлсөн нь дамжиггүй.
Уг концерт 2 хэсгээс бүрджээ. 1-р хэсэгт гоцлол, цөөхүүл хөгжим, 2-р хэсэгт Морин хуур найрал хөгжим болон гоцлол, найрал хөгжмийн бүтээлүүд эгшиглэв. Дан хөгжмийн бүтээлийг амилуулагч эрхэм хүмүүс бол хөгжимчид, тэр тусмаа шилмэл сайн хөгжимчин байх нь зайлшгүй. Хөгжимчид, гоцлоочдын сонголтын хувьд авч үзэхэд, аливаа дуу дуучнаа олоогүй бол амилахгүй байдгийн нэгэн адил дан хөгжмийн бүтээл ч хөгжимчнөө “сорих, сонгох” учиртай. Энэ тоглолтын хувьд зохиогч гоцлоочдоо үнэхээр зөв олж таньсан нь бүтээл бүрээс илэрхий. Тухайлбал, Төгөлдөр хуурын “Рапсоди” зохиолоор тоглолт эхэлсэн бөгөөд 2015 онд зохиогдсон нэлээд ур чадвар шаардагдах энэ бүтээлийг МУК-ийн сурагч А.Түшигт чадварлаг чамбай хөгжимдөв. Тэрбээр МХН-ын гоцлооч, УГЖ Р.Амарбаяр, ятгач Н.Жамбалсүрэн нарын хүү ажээ. Баруун монголын үндэсний уламжлалт дууны аялгад суурилсан энэ зохиолоо “Политональный” хэмээн зохиогч онцолсон.

Хаврын домог- Трио /морин хуур, морин хийл, төгөлдөр хуур /О.Төмөрхуяг, Н.Анхмаа, П.Намуун нар маш чадварлаг хөгжимдсөн/ -ын бүрэлдэхүүнд бичсэн энэ зохиолоос авсан мэдрэмж маш нандин байлаа. Эхний хэсэгтээ хүүрнэл маягийн аялгууг гурван хөгжимд чадварлаг найралжуулснаар хүмүүс хоорондоо хүүрнэн ярилцаад байгаа мэт, хурдан хэсэгт бие биеэ нөхөн хөгжим улам бүр эрчимжиж, 3 дахь хэсэгт морин хийлээр хуурын татлагын өнгө аяс хэмнэлийг шингээн харуулсан нь содон байлаа. Морин хийлч Н.Анхмаа ч гайхалтай илэрхийлсэн. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэхүү Триог “онцгой сэдэлтэй бүтээл” хэмээгээд монгол хүний үүсгэсэн хөгжмийг өрнийн хөгжимтэй өрсөлдөх биш, нийцэлдүүлэх хандлагаар ингэж хөгжмийн зохиолчид явах бол бид урагшаа асар хүчтэй явна” гэжээ. Энэ тоглолтоос миний хувьд төгөлдөр хуурч Э.Намууны хамсран хөгжимдөх уран чадвар, илэрхийлэх эгшиглээ тембр, хэзээ тодрох, хэзээ шингэн орох динамикийн балансыг зөв барих мэдрэмж, гоцлоочидтой харилцах хөгжимлөг сэтгэлгээг онцлон магтмаар байна. Олон тоглолтоос ажиглагдсан даа. Концертод дан хөгжмийн олон төрлийг багтаажээ. УГЖ, ятгач О.Мөнхтогтохын гоцлон хөгжимдсөн “Экспромт”, ёочинч, багш Э.Пагмын “Токката”, гоцлооч Б.Энх-Амгалангийн олон улсад тоглогдож үнэлэгдсэн “Glissando and Spiccato”
болон “Оршихуйн хэмнэл”, шударгын чуулгад зориулсан “Шанзны шаргиа” зохиолууд эхний хэсэгт эгшиглэсэн. Хөгжимчид, концертмейстерүүд үнэхээр чин сэтгэлээсээ сайтар ажиллажээ. Үзэгчид ч халуунаар хүлээн авсан. Ерөөс “цөөхүүл хөгжимд сайн хөгжим бичих нь мэргэжлийн хөгжмийн зохиолчийн их том зорилго” хэмээн Ш.Өлзийбаяр хэлсэн, тэгээд ч энэ зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж, ур чадвараа улам бүр сэлгэж шинэчилж, зохиомжийн инновацийг нэвтрүүлж яваа нь түүний бараг бүтээл бүрээс мэдрэгдэж байлаа. Мэдээж нэг хүний бүтээл учраас зарим зохиолуудад эхлэлийн хэмнэлийн ерөнхий хэв шинж, зохиомжийн зарим элементүүд өөр хоорондоо ижилхэн байгаа нь ажиглагдсан хэдий ч цаашдын өрнөл хөгжилдөө зэмсэгжүүлэлт найралжуулга, хэлбэр агуулгын цогц байдлыг олж чаджээ.
Тоглолтын 2-р хэсэгт Морин хуурын найрал хөгжимчид байраа эзэлсэн байлаа. Удирдаачаар УГЗ Д.Түвшинсайхан. Найрлаар хөгжимдсөн эхний бүтээл нь “Хурмаст тэнгэр” морин хуур найрал хөгжмийн концерт байсан нь сонирхол татсан юм.
Их сэтгэгч Данзанравжаагийн “Хурмаст тэнгэр” дууны аялгууг соноризм, додекафон, минимализм зэрэг хөгжмийн зохиомжийн олон янз техникүүдтэй сүлэлдүүлэхийн зэрэгцээ, Равжаагийн шүлгийн орчлонгийн үнэний тухай философийг эгшгэн хэлээр илэрхийлэхийг зорьсон чансаатай бүтээл болжээ. Хөгжимчдийн анхаарал чадавхыг ч шавхсан зохиол юм байна. Уг зохиолын эхэнд мастер Д.Уламбаярын урласан гэмээр ширэн цартай хуураар УГЖ Р.Амарбаяр “Хурмаст тэнгэр” дууны аялгууг зөөлөн эгшиглүүлэх цаг дор монгол хүн болж төрсөндөө, ийм сайхан эгшиг аялгууг сонсох хувь заяандаа бахархах сэтгэгдэл эрхгүй төрсөн. Энэ бүтээлээс Морин хуур найрлын хөгжимчид, удирдаачийн ихээхэн хүч хөдөлмөр, чин сэтгэл, ур чадварын илэрхийлэл тод харагдсан. Зохиогч өөрөө ч өндөр үнэлж байв. Үүний дараагаар Ш.Өлзийбаярын шударгын концерт эгшиглэж, залуу хөгжимчин А.Индра каденци хэсгийг өөрөө боловсруулж чадварлаг сайхан хөгжимдөж, Морин хуурын 1-р концертыг ӨМӨЗО-ны авьяаслаг морин хуурч Б.Эрдэмбилэг чадварлаг гоцолсон бол Морин хуурын 3-р концертыг энэ цагийн сүнслэг морин хуурч Д.Шинэцог-Гени урлахуйн өндөр түвшинд эгшиглүүлж, Их хуурын концертыг зохиогчийн онцолсноор “татлага маягын арга барил 8/5 догол хэмнэлтэй тоглолтын уламжлалт арга барилаас ялгаатай учраас хөгжимчнөөс анхаарал ур чадвар шаардсан” бүтээлийг МХН-ын их хуурч П.Пүрэв-Очир гайхам гоцлон хөгжимдсөн нь энэ оройн тоглолтын бас нэгэн инновацийн үр дүн байлаа. Энэ цагийн тэргүүлэх уран бүтээлч Т.Өлзийжаргалын гоцлон хөгжимдсөн Ёочингийн концерт мөн л хөгжимчний авьяас анхаарал, ур чадварын шалгуур гэлтэй.
“Хурмаст тэнгэр” концертын уянгын төв нь Ш.Өлзийбаярын бүжгэн жүжгийн хөгжмүүд байв. “Тамганы бүжигчин” этно балетын Адажио хэсгийн нандин аялгуу бүхий “Хайрын бүжиг” хоршилын эмэгтэй, эрэгтэй дүрийг хөгжимчин аав хүү хоёр болох лимбэч Ц.Цэвэгсүрэн, морин хуурч Ц.Анхбаяр нар хоршин “бүтээсэн” нь дотно сайхан байлаа.
Дан хөгжмийн тоглолтод бүжигчид оролцсон нь маш ховор байх. “Тэнгэрийн хутагт ” бүжгэн жүжгийн Адажиог морин хуурч О.Төмөрхуяг, хийлч Б.Хулан нар найрөл хөгжимтэй хоршин эгшиглүүлж ҮУИТ-ын гарамгай бүжигчин А.Түвшинбаяр. Б.Мөнхжингоо нар уян налархай төгс бүжиглэлээрээ үзэгчдийг гайхашруулсан.
Харин хөгжмийн зохиолчийн бага насны дурсамжаар зохиогдсон “286-р галт тэрэг” урбанист дүрслэл бүхий зохиолын хувьд дуут дохио, галт тэрэгний хэмнэлийн дүрслэл мэдрэмж надад тийм тод буугаагүй бөгөөд өмнө нь симфони найрал хөгжмөөр сонсоход илүү хүчтэй сэтгэгдэл үлдээснийг хэлье.
“Чингисийн хүүхдүүд” киноны “Гоё хээр” хурдан морины унаач хүүхдийн тухай хөгжмийн хэмнэл цаанаа л нэг хүүхдийн хөнгөн нандин мэдрэмжийг төрүүлсөн аргагүй л “гоё хөөрхөн” хөгжим тэрээр чухамхүү МХН-аар хөгжимдсөнөөрөө өвөрмөц дуурьслыг бүрдүүлсэн нь мэдээж.
Ерөөс Ш.Өлзийбаярын дан хөгжмийн зохиомжийн гол тулгуур багана нь 1-рт, ХЭМНЭЛ, түүний олон талт төгс боловсруулалт, 2-рт, ХУУРЫН ТАТЛАГА -ын элементүүд болон АРДЫН ДУУ-ны ая данд хийсэн зохиогчийн эрэл хайгуул, олз омог, зохиомждоо шингээх ур ухаан, 3-рт, дэлхийн хөгжмийн орчин үеийн ололт амжилт, технологийн дэвшлийн талаарх мэдлэг мэдээлэл хэмээн ойлгогдож байна. Эцэст нь
“Монголын нэн шинэ үеийн тэргүүлэх хөгжмийн зохиолчдын нэг Ш. Өлзийбаяр нь өөрийн хөгжмөөрөө “зөвхөн сэтгэлгээний эрэлчин төдийгүй эгшгийн хэмнэлийн инженерчлэл рүү явж байгаа”, хөгжмийн хэмнэлийн олон янзын боловсруулалт нь эгшгээр илэрхийлсэн нийгмийн оюун санааны илэрхийлэл” бөгөөд “өнгөрсөн зууны хөгжим нь хэлбэр агууламж дээр төвлөрч байсан бол одоо цагийн хөгжим нь хэлбэр хэмнэл болон хувирч байгааг харуулсан хэмнэлийн технологийг өндөр түвшинд эзэмшиж буй хөгжмийн зохиолч байна”, мөн “манай хөгжимчид асар өндөр хариуцлагатай болжээ, нооттой хөгжимтэйгөө ингэж ажиллаж байгаа шиг манай үйлчлэгчидээс эхлээд сайд нар яг ингэж хариуцлагатай ажиллах юм бол манай улс хөгжинө” гэсэн хөгжмийн зохиолч, Sc.D, профессор Н.Жанцанноровын үнэ цэнэтэй оновчтой дүгнэлтийг энд бичих нь зүйд нийцнэ гэж үзлээ. Морин хуур найрлын удирдаач Д. Түвшинсайханы удирдлага дор энэ найрлын хөгжимчид, гоцлоочид Ш.Өлзийбаярын бүтээлийг амилуулахын тулд асар их хөдөлмөр зүтгэл, чин сэтгэл, ур ухаан шингээснийг онцлон тэмдэглүүштэй.
Ингээд энэ сайхан тоглолтыг бэлтгэж бэлэглэсэн зохиогчийг магтая, удирдаачид талархая, уран бүтээлчдээр бахархая, урлагаа шүтэн бишрэе, үзэгчдээ хүндлэн дээдлэе!
Сайн үйлс дэлгэрэг!
Хөгжим судлаач Д.Энхцэцэг





