Friday, January 30, 2026

Давос дэлхийн тайз болсон нь

Date:

Давосын тэнгэр цэлмэг, бүртийх ч үүлгүй тунгалаг байна. Харин энэ тэнгэрийн дор болж буй дэлхийн эдийн засгийн чуулган бүүдгэр, үл ойлгогдом уур амьсгал дунд эхэллээ. Ер нь дэлхийн улс төр, эдийн засаг, олон улсын харилцаанд тодорхой зүйл байна уу. Хүчтэй нь хүссэнээ хийж, сул дорой нь тэсэж үлдэхийн төлөө тэмцдэг ширэнгийн хууль шинэ зуунд ч амь бөхтэй оршсоор байна.

Хүйтэн дайнаас хойш олон улсын харилцаанд хэвшин тогтсон дэг журам, хэм хэмжээ алдагдаж, их гүрнүүд дур зоргоороо авирлах нь улам ихэслээ. Эдийн засгийн харилцаа холбоо, интеграцчлал эцэстээ улс орнуудыг бусдаас хамааралтай болгож, чөлөөт худалдаа, түүний тарифыг их гүрнүүд бусдыг сүрдүүлэх зэвсэг болгон ашиглаж байна.

Ийм эгзэгтэй цаг үед дэлхийн хамаг томчууд нэгэн дор чуулдаг Давосын эдийн засгийн чуулган боллоо. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг энэ дэлхийг эмхлэхэд яриа хэлэлцээ, ойлголцол амин чухал болж байна. Тиймээс энэ жилийн Давосын эдийн засгийн чуулган “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдвийн дор болж өнгөрлөө.

Үнэндээ өнгөрсөн хэдэн жил энэ чуулганы нэр хүнд унаж, баячууд цугладаг цэг гэх мэтээр шүүмжлэх хүн цөөнгүй байв. Харин энэ удаад олон улсын харилцааны ээдрээт байдлаас улбаалан Давосын чуулганы ач холбогдол нэмэгдэж, тэр хэрээр нэр хүнд нь сэргэжээ. Дэлхийн удирдагчид Давост уулзахыг, ярилцахыг, ойлголцохыг хүссэн байна. Тиймээс 56 дахь удаагийн дэлхийн эдийн засгийн чуулганд өмнөх жилүүдээс илүү олон хүн ирж, оролцогчийн тоо нь 3000-д хүрэв. Үүнээс төр, засгийн тэргүүн гэхэд 65 улсаас ирсэн байлаа. Мөн олон улсын 1700 компанийн гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтан ирсэн гээд бодохоор ямар далайцтай арга хэмжээ болсон нь тодорхой харагдана.

Тиймдээ ч энэ удаагийн чуулган эдийн засгийн ээлжит нэгэн цугларалт байсангүй. Харин олон улсын харилцаа, геополитикийн чухал тайз болов. Энэ тайзан дээр хүн бүр гол дүр болохыг хүссэн. Канадын Ерөнхий сайд Марк Карни, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Украйны Ерөнхийлөгч Зелинский, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гээд гол дүрд горилогсдын цуваа тасарсангүй. Тэд зөвхөн гол дүрд санаархаад зогсохгүй гэрийн даалгавраа ч сайн хийж, жинтэй үг, жишиг болохуйц санал санаачилга бэлдэж иржээ. Тэдэн дундаас энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг эдийн засагчдын нэг Канадын Ерөнхий сайд Марк Карнигийн илтгэл маргаангүй Давосын чуулганыг бут ниргэлээ.

Карни хүч дулдуйдсан их гүрнүүдийн илүүрхэл, олон улсын харилцааны мухардлыг нууж хаалгүй илчлэв.

Харин Францын Ерөнхийлөгч Макрон ийм хэмжээний даацтай илтгэл тавиагүй ч түүнийг нэг зүйл нь дэлхий нийтийн анхаарлын төвд орууллаа. Тэр нь түүний зүүсэн хөх өнгийн нүдний шил. Хараа хамгаалах зорилгоор зүүсэн гэж Макроны ажлын албанаас тайлбарласан уг шил Давосын чуулганы үеэр интернэтэд хамгийн их яригдаж, хайгдсан сэдэв болов. Гэвч уг нүдний шил эзнээ Давосын гол дүр болгоход хангалтгүй байлаа. Учир нь гол дүр хэдийнэ ганцхан хүнд зориулагдсан байжээ. Тэр хэн бэ?

Давосын чуулган үнэндээ хөрөнгө, нэр хүнд, эрх мэдэлтнүүдийн цуглаан гэлтэй. Цас хаялсан Давосын гудмаар алхаж яваад дэлхийн топ компанийн захиралтай таарах нь энүүхэнд. Ямар сайндаа л орой хоол идэх гээд ресторан ортол АНУ-ын NBA-гийн супер од Трэси Макгрэдитэй таарч байх вэ дээ. Давосын чуулганд оролцож буй Трэси гарын үсгээ өгөхийг хүссэнгүй. Харин хамт гэрэл зураг татуулахаас татгалзсангүй. Мэргэжлийн сагсан бөмбөгөөс зодог тайлаад цөөнгүй жил болж буй Треси одоо бизнест хүч сорьж байгаа нь энэ аж.

Энд ирсэн бараг бүх хүн эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, бас үзэл санаа, үнэт зүйлтэй. Орон орны манлайлагчид чуулсан учраас би илүү, чи илүү гэж бие биетэйгээ зиндаархах, бусдаас илүүрхэх боломж бололцоо хомс юм. Гэвч ганц хүн яах аргагүй бусдаас тодорч, энэ чуулганы гол дүр нь байлаа. Тэр бол мэдээж Трамп. АНУ-ын ерөнхийлөгч Давост ирнэ гэдэг нь энэ удаагийн чуулганы нэг том мэдээ байв. Трампыг Давост хөл тавиагүй байхад, зөвхөн ирэх сургаар нь л 10 мянга гаруй хүн амтай энэ жижигхэн хотод замын түгжрэл үүсэв. Чуулганы эхний өдрүүдэд хэвийн байсан авто зам Трамп ирэхээс нэг өдрийн өмнөөс түгжирч эхэлснийг таксины жолооч ярьж байлаа.

Үнэхээр энэ жилийн Давосын чуулган Трампын тайз байлаа. Дайран дээр давс гэгчээр түүнийг ирэхтэй зэрэгцээд Трампыг эсэргүүцсэн жагсаал Давос, Цюрих зэрэг Швейцарын хотуудад болж, АНУ-ын төрийн тэргүүний “айлчлал”-ыг улам сүр дуулиантай болгов.

Ингэж дуулиантайхан ирсэн Трамп буцахдаа ч “бөмбөг” тэслээд явахаа мартсангүй. Тэр алсдаа НҮБ-ыг орлох зорилготой “Энх тайвны зөвлөл” байгуулж буйгаа зарлалаа. Трамп “Энх тайвны зөвлөл”-өө энх тайванч, төвийг сахисан улс болох Швейцарт зарлаж буй нь яавч санаандгүй үйл явдал биш. Монгол Улс энэ зөвлөлд нэгдэж, анхны гишүүдийнх нь нэг болов. Энэ нь зөв зүйтэй алхам байсан эсэх асуудлаар өнөө хэр маргаан өрнөж байна. Цаашид яаж ажиллах нь тодорхойгүй зөвлөлд элслээ гэж нэг хэсэг нь шүүмжилж байгаа бол энэ ээдрээт цаг үед Монгол Улс идэвхтэй гадаад бодлого явуулж, энх тайвны аливаа механизмыг дэмжих нь зүйтэй гэж үзэх талууд ч байна. Ингэснээр манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг дипломатын аргаар хамгаалан бэхжүүлж чадна гэж судлаачид тайлбарлаж байна. Аль нь ч бай, энэ алхам зөв байсан эсэхийг цаг хугацаа харуулах биз.

Өнгөрсөн оны Давосын чуулганаар эдийн засаг, эрүүл мэндийн сэдвийг түлхүү ярилцсан бол энэ удаад улс төр, геополитикийн асуудлууд зонхиллоо. Гэхдээ эдийн засгийг орхисонгүй. Энэ жилийн чуулганаар 500 гаруй арга хэмжээ, хэлэлцүүлэг болсон учраас нэгбүрчлэн бичих боломжгүй. Гэхдээ багцлаад үзвэл энэ удаагийн чуулганаар хоёр шилжилтийг голлон ярилаа. Нэг нь эрчим хүчний шилжилт, нөгөө нь хиймэл оюуны шилжилт байв. Энэ хоёр шилжилт одоо бөгөөд ирээдүйд дэлхийн эдийн засгийн эрэмбэ хийгээд өнгийг тодорхойлохоор байна.

Байсхийгээд аливаа арга хэмжээний гол дүр нь болчихдог Илон Маск энэ удаагийн чуулганд харин харьцангуй нам гүм байв. Тэр чуулганы үеэр ирэх 10 жилд хиймэл оюун хүнээс ухаантай болно гэж хэлсэн нь зарим талаар айдас, болгоомжлол төрүүлэв. Харин хиймэл оюуны чип үйлдвэрлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан ирэх жилүүдэд хиймэл оюуны дата төвүүдийн эрэлт өсөж, энэ хэрээр сантехникч, цахилгаанчин, барилгын мэргэжилтнүүдийн эрэлт өснө гэж ярьсан нь итгэл төрүүлэм байлаа.

Харин эрчим хүчний хувьд энд ирсэн хүмүүс энергийн найдвартай эх үүсвэрийг л хайж байна. Ус, уран, нар, салхи гээд эрчим хүчний нөөц, тогтвортой хамтын ажиллагааг эрж хайсан хүмүүс Давост цөөнгүй байв. Энэ дунд зэс, газрын ховор элементийн талаар үе үе сонсогдож байсан нь чихэнд чимэгтэй байлаа. Ирэх жилүүдэд энэ хоёр түүхий эд чулуу болох төлөвтэй.

Давосын чуулган бол албан бус, олон талт яриа хэлэлцээний талбар юм. Тиймээс энэ чуулганд оролцогчид албархаж, ёсорхоод байдаггүй, илүү ажил хэрэгчээр, нэг түвшнээс харилцдаг. Тиймээс ч илүү үр дүнтэй, бодитой уулзалт, хэлэлцүүлгүүд болдгоороо онцлогтой. Мөн дэлхийн 130 гаруй улсаас төлөөлөл ирдэг учраас нэг дор олон талтай уулзаж, нэлээд ажлыг зэрэг амжуулах боломж олддог.

Энэ нь ч Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголын багийн уулзалт, хэлэлцүүлгүүдээс харагдаж байлаа. Тэд Давосын үеэр хэд хэдэн багц ажил амжуулав. Нэгд, энэ удаагийн чуулганаар 2026 оны наймдугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын COP17 хурлын бэлтгэлийг хангаж, тус хуралд хамтран оролцох гадны том компаниуд болон төр, засгийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, тохиролцов.

Хоёрт, Монгол Улс хиймэл оюуны шилжилтээс хоцрохгүй байгаагаа, цаашид илүү эрчимжүүлэх хүсэлтэй болохоо илэрхийлж, хамтран ажиллах түншүүдтэйгээ уулзаж, ярилцлаа. Мөн манай эрчим хүч, аялал жуулчлал, банк санхүү зэрэг салбарыг сонирхож буй хөрөнгө оруулагчидтай уулзав. Тэдэн дундаас Монголыг сонирхож байгаа Араб, Унгар зэрэг улсын түншүүдтэй урьдчилсан тохиролцоонд хүрч чадлаа. Тэд биднээс тогтвортой бодлогыг хүсэж байлаа.

Гэнэтийн үйл явдлаар дүүрэн байсан 56 дахь удаагийн Давосын дэлхийн эдийн засгийн чуулганы гол мэдээллийг тоймлон хүргэхийг хичээлээ. Дараа жилийн Давос даанч хол байна даа.

Эдийн засгийн сэтгүүлч Г.Байгаль

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн анхдугаар хуралдаан болж байна

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах...

А.Баяр: Гал, газ, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулна

-ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРЛЫГ...

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн...

Манай улсаас 2025 онд Швед рүү экспортолсон еэвэнгийн хэмжээ хамгийн өндөр байна

Гаалийн ерөнхий газраас хэвийн боов, еэвэнгийн экспортын статистик мэдээг...