Sunday, May 17, 2026

“Яс тас” Нүрка

Date:

Өөрийнхөө тухай хамгийн их сонсдог үг тань юу вэ? гэсэн асуултад тэр ингэж хариулсан юм. Аливаа ажлыг цаг хугацаанд нь, хүлээлтээс давсан чанартай, чин сэтгэлээсээ “яс” хийдэг болохоор түүнийг журмын нөхөд нь ийн тодотгон нэрийдэх болжээ. Ажилдаа эзэн хүн эрхэм чанараа цол шиг дуудуулна гэдэг сайхан.

Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын Тойруулан зорогч суурь машины оператор Бямбажавын Нүрсэд анх 18 насандаа Механик цехийн босгоор алхаж, тэр үеийн том ногоон машинуудаас сүрдэж, бас догдолж байснаа дурссан. Тэр цагаас хойш 33 өвлийн цас бударч, Б.Нүрсэд гурван суурь машин дээр зэрэг ажиллах чадвар эзэмшсэн, Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай ажилчдын нэг болжээ. Түүгээр ч зогсохгүй суурь машиныхаа эд ангийн үйлдлийг зөв тохируулан ажилласнаар зогсолтыг 10 гаруй хувиар бууруулж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсний үр дүнд сүүлийн таван жилийн төлөвлөгөөг 103-109 хувиар биелүүлэн амжилттай ажиллаж байна.

Хэдхэн зуун грамм жинтэй эд ангиас эхлээд хэчнээн арван тонн хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд хүртэл түүний гарын аясаар үйлдвэрлэгдэнэ. Б.Нүрсэд жилд КМД-3000Т2, КСД-2200, ККД-1200, НР-400 төрлийн бутлуурын 50 гаруй хуягтулгуур зэрэг эд ангид механик боловсруулалт хийж, таван тэрбум давсан өртөгтэй шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг бахархам ажилтан.

“Яс” Нурка өөрийгөө “Хүнээс илүү юм хийх гэж хичээдэг шартай зантай” хэмээн тодорхойлно билээ. Юуг ч хийсэн хамгийн сайнаараа, гологдол болоод буцаад ирэхээргүй төгс хийх ёстой гэнэ. Энэ бол зүгээр нэг дадал биш, ажилдаа чин сэтгэлээ зориулах үзэл хандлага, хүмүүжил юм. Цехийн удирдлагууд нь түүнийг чанарын баталгааг эрхэмлэгч шилдэг ажилтан гэж үнэлдэг. Марганцтай хатуу ган, төрөл бүрийн насосын их бие, хуяг, өндөр чанартай ширмэнд механик боловсруулалт хийхдээ хутганы ирлэлт, машинд өгөх хурд, нэг хутгаар олон үйлдэл хийх, олон тооны эд ангийг нэг байрлалд шилжүүлэн, дараалсан боловсруулалт хийх зэрэг оновчтой арга барил чадварлаг эзэмшсэнээр машины тохируулах цагийг хэмнэж, бүтээмжийг тасралтгүй өсгөсөөр байна. Түүнээс гадна КМД, КСД, ККД бутлуурын эргэлтийн төвийг шилжүүлж боловсруулах тусгай хэрэгсэл, HP-400 бутлуурын хуяг боловсруулах суурь, 8ГРТ булинга шахах насосын резинэн тагны хэв, Грат 1400 болон Warman16/14 насосын хамгаалах диск боловсруулах төхөөрөмж, аюулгүй өргөн тээвэрлэх хэрэгслийн шинэчлэл гэх мэт үйлдвэрлэлд нэвтэрсэн оновчтой санаанууд нь 9,2 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг авчирчээ.

Б.Нүрсэд 22 залуу ажилтны ур чадварыг дээшлүүлэх дадлага удирдсан, ажил мэргэжлийн нандин туршлагаа харамгүй өвлүүлсэн багш хүн. “Яс” Нүрка буй биеэрээ Эрдэнэт үйлдвэрийн соёл, хөдөлмөрч хүний үнэнч чанар, үнэт зарчим юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...