“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн Зохицуулагч менежер, 50 жилийн ойн ажлын хэсгийн дарга П.Ганзоригтой уулзаж, түүхт ойн хүрээнд цехэд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тодрууллаа.
-Та цехийн түүхэн замналын талаар товч мэдээлэл өгнө үү?
-Манай цех 50 жилийн түүхэнд дөрвөн удаа бүтцийн өөрчлөлт хийсэн байдаг. Анх 1975 оны нэгдүгээр сард С.Лхаажавыг Эрдэнэт үйлдвэрийн Ашиглалтын өмнөх захиргааны даргаар томилон, Захиргаа, аж ахуйн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан. Үүний дараа Захиргаа, аж ахуйн цех, Үйлчилгээ, аж ахуйн алба гэх зэрэг бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин 2019 онд Ерөнхий захирлын А/244 тоот тушаалаар орон сууцны хэсэгтэй нэгдэн Аж ахуй, үйлчилгээний цех болон өргөжиж, таван хэсэг, 129 ажилтантайгаар ажиллаж байна. Манай хамт олон уурхайчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор үйлдвэрийн газрын барилга байгууламж, орон сууцны гадаад болон дотоод орчныг тохижуулж, байгаль экологид ээлтэй орчин бүрдүүлэн ажилладаг. Мөн инженерийн шугам сүлжээ, цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчдын хувцас, гутлыг угааж цэвэрлэх, сэлбэн засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж, олон улсын 7 стандарт, Монгол Улсын 4 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
-Түүхт ойн хүрээнд ямар бүтээлч ажил хийв?
-Бид 50 жилийнхээ ойд зориулан үйлдвэрийн газрын нийт ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор 50 бүтээлч ажил зохион байгууллаа.
Жишээ нь:
-Ерөнхий захиргааны I байрнаас нэгдүгээр пост хүртэлх явган хүний замд гэрэлтүүлэг тавьсан.
Мэдлэг түгээх ажлын байр тохижуулж, техникийн ажилчдын өрөөнд агааржуулалт хийсэн. Ерөнхий захиргааны II байранд тэргэнцэртэй иргэдэд зориулсан нэвтрэх гарц, ариун цэврийн өрөө байгуулсан. QR уншигч суурилуулж, гаднын зочдод хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн. Эх хүүхдийн болон уулзалтын өрөөг “Ариадна” клубын хамт олонтой хамтран тохижуулсан. “Зүрхэн арк” буюу Хайрын төгөл, ариун цэврийн 16 өрөөг цэцэгжүүлж эко орчин бий болгосон. Захиргааны III, IV байранд цехийн алдрын булан байрлуулж, цэцгийн мандлуудыг шинээр хийсэн. Мөн цехийн залуучуудын холбоо сайн үйлсийн аян зохион байгуулж, эмэгтэйчүүдийн холбоо ажлын байранд эрүүл мэндийн булан байгуулсан. Хойд бүсийн үйлчилгээний ажилчдын ур чадварын уралдаан, үйлдвэрийн хэмжээнд сантехникийн ажилчдын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Ахмад ажилчид, үе үеийн удирдлагуудыг оролцуулсан “подкаст” ярилцлага хийж олон нийтэд цехээ сурталчиллаа.
-Цехийн дунд ямар тэмцээн, уралдаан зохион байгуулсан бэ?
-Түүхт ойн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг волейболын тэмцээнээ зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Мөн үйлчилгээний ажилчдын ур чадварын “АМУ-2025” уралдаан болон сантехникийн ажилчдын анхдугаар уралдааныг зохион байгуулж, ажилчдын ур чадварыг сорьсон өрсөлдөөнтэй тэмцээн боллоо.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Цехийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан удирдлагууд, бүтцийн нэгжийн дарга нар, нийт ажилчдадаа түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Манай хамт олон ирэх жилүүдэд ч уурхайчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, бүтээлч ажлыг үргэлжлүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах болно.
-Баярлалаа.
П.ГАНЗОРИГ: Аж ахуй, үйлчилгээний цех 50 бүтээлч ажил хийлээ
Date:

