“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг болох “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн оролцогчид 2025 онд хэрэгжүүлсэн нөлөөллийн ажлынхаа үр дүнг өнөөдөр Хүний нөөц, захиргааны хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдэд танилцууллаа.
Залуу ажилтнуудын хүсэл тэмүүлэл, зорилго, эерэг хандлага, найрсаг харилцаанд тулгуурлан, манлайлал, багийн ажиллагааг идэвхжүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогчид алхалт, хөдөлгөөн-эрүүл мэнд, соёлтой харилцаа, соёлтой үйлдэл, санамсрын бясалгал, цахим мөрийтэй тоглоомоос ангид байх, гар утасны зохисгүй хэрэглээ зэрэг чухал сэдвүүдээр Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын дунд нөлөөллийн ажил өрнүүлсэн байна.
Нөлөөллийн ажлуудыг Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтнүүд, дэд ажлын хэсгийн гишүүд болон хөтөлбөрийн оролцогчид хамтран, асуудлыг оновчтой тодорхойлсон байдал, төлөвлөгөөний хэрэгжилт, бүтээлч санал санаачилга, нөлөөллийн цар хүрээ, цаашид үргэлжлэх боломж зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Үнэлгээний дүнд “Хакуна Матата” багийн, шинэ ажилтнуудад зориулсан ажилчдын автобусны маршрут харах цахим зааварчилгаа бүхий нөлөөллийн ажил тэргүүн байрт шалгарсан бол “Mine Up” багийн цахим мөрийтэй тоглоомоос ангид байх чиглэлийн ажил дэд байр, “Alpha” багийн санамсрын бясалгал хийж, ажилдаа бүрэн төвлөрөх нөлөөллийн ажил гутгаар байрыг тус тус эзэллээ.
Хүний нөөцийн тогтвортой байдал нь байгууллагын урт хугацааны амжилт, өрсөлдөх чадварын үндэс болдог учраас Эрдэнэт үйлдвэр ийнхүү хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлэн, ажилтнуудаа өсөж хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

