Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 17-ны бямба гарагт МҮОНТ-ийн шууд ярилцлагын зочноор оролцов. “Ерөнхий сайдаас асууя” шууд нэвтрүүлэг гурван цагийн турш үргэлжилж, Засгийн газрын тэргүүн e-Mongolia, D-Gov цахим талбар, Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирүүлсэн, мөн хилийн чанад болон орон нутгаас ирүүлсэн иргэдийн асуултад хариулсан юм. Нэвтрүүлгийн үеэр 11-11 төв болон нийслэлийн гудамж, талбай, зах, нийтийн тээврийн хэрэгслээс шууд холбогдсон иргэд, МҮОНТ-ийн студид хүрэлцэн ирсэн зочдын асуултад ч Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хариулт өгөв.
Засгийн газрын тэргүүн иргэдийн асуултад гурван цагийн турш ямар нэгэн тавилтгүй, илэн далангүй, бүхий л сэдвийг хамарсан хариулт өгөхийн сацуу, иргэдээ хүндэтгэн илэн далангүй ярилцсанд олон нийт ам сайтай байна. Ерөнхий сайдын шууд ярилцлагаас онцлох зарим санааг толилуулбал,
-2026 онд боловсролын салбарт 2 том реформ хийхээр эхлүүлжээ. Нэгдүгээрт, төсвийг нь 2 дахин нэмсэн. Үүнийг дагаад багшийн цалинг 30-79 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр бага ангийн багш 1.480.000 төгрөгийн цалин авдаг байсан бол 2.284.000 болж нэмэгдсэн. 2026 онд 33 сургууль, 9 цэцэрлэг барьж, анги дүүргэлтийг 30 орчим хувь бууруулахаар төлөвлөжээ.
-“Суралцахуйн хувьсгал” хийнэ. Заахуйгаас суралцахуй руу боловсролын системийг шилжүүлнэ. Хиймэл оюун багшид туслах, технологийн дэвшлийг ашиглаж цахим танхимуудыг байгуулна. 2030 он хүртэл боловсролын ачааллыг бууруулахад анхаарна.
-Монгол Улс 1.351.000 хүүхэдтэй болсон. Хүүхдийн өсөлтөөс шалтгаалж 2030 он хүртэл 108 сургууль, 95 цэцэрлэг байгуулах шаардлагатай тооцоо гарсан. Үүнээс 2026 онд 23 сургууль, 9 цэцэрлэг барих санхүүжилтийг шийджээ.
-Тэтгэврийг 50 хувиар нэмэхэд 2 их наяд төгрөг шаардлагатай. Засгийн газар 2.2 их наядаар зардлаа танасан. Цалин хөлс, төрийн албан хаагчдын давхардлыг арилгаж, орон тоог бууруулсан. Энэ бол инфляц, иргэдийнхээ орлогыг хамгаалсан алхам.
-Тэтгэврийг тодорхой хувиар нэмэхээр их авдаг нь их, бага авдаг нь бага дүнгээр нэмэгддэг байсан. Иймээс энэ удаад ижил дүнгээр нэмсэн. Ирэх 5 жилд тэтгэврийг 70 хувиар нэмж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.
-Нүүрсний хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байна. 320 холбогдогчтой 58 хэргийг шүүх рүү шилжүүлж, 580 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилж, хууль бусаар олсон 98 тэрбум төгрөгийг хураан авчээ. Цэгцлэх ажил их байна.
-350 хүртэлх сая төгрөгийн орлоготой ААН-үүд 1хувийн татвар төлнө. ЖДҮ эрхлэгч дунд шат руу, дунд шатных нь томоохон бизнес эрхлэгч болоход татварын бодлогоор дэмжинэ
-Урьдчилгаа төлбөр багатай орон сууцны санхүүжилтийн шинэ систем нэвтрүүлнэ. Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт иргэдээ хамруулна.
-Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгосон хэнийг ч хөнгөлөлттэй зээл олгож, татварын таатай орчин бий болгож дэмжих ёстой. Цаашид ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийн хүртээмжийг нэмнэ.
-Төрийн өмчит компаниудад хулгай нүүрлэсэн байна. Тиймээс Олон нийтийн хяналтын зөвлөлийн тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ. Төрийн өмчит компаниудад олон нийт, ард түмний хяналт бий болгоно.
-Иргэд амьдарч байгаа сумандаа газраа өмчилж авч чадахгүй байна. 0,07 га газраа аваагүй иргэдэд газрыг тэгш шударгаар өмчлүүлнэ.
-1072 хувьцаатай 121 мянган иргэний 66 тэрбум төгрөгийн хувьцаа өвлүүлэх асуудал бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь олон нийтийн хяналтыг сайжруулна.



