Азийн холимог тулааны хамгийн том холбоо “ONE Championship”-ийн ээлжит тулаанууд өнөөдөр Тайландын Бангкок хотноо болж өндөрлөлөө. Манай холимог тулаанч, “Шандас ММА” дэвжээний тамирчин Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрико Андрадетэй Bantamweigh буюу 65.8 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тэд өрсөлдөн ялалт байгууллаа.
Тамирчид таван минутаар таван үе тулалдах байсан ч манай тамирчин Б.Энх-Оргил дөрөвдүгээр үед өрсөлдөгчөө буулган авч аваргын алтан бүсний эзэн боллоо. Түүний өрсөлдөгч Фабрико Андраде 2023 оноос хойш аваргын бүсээ хамгаалж байсан шилдэг тулаанч юм. Б.Энх-Оргил аваргыг ялж аварга болсноор “One Championship” холбооны аваргын бүсийг эзэмшсэн Монголын хоёр дахь тулаанч болж байна. Тус холбооны анхны аваргын бүсийг түүний багш гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг 2014 онд энх орондоо авч ирж байсан юм.
Тулааны дараа Б.Энх-Оргил “Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Хэлэх үг олдохгүй догдолж байна. Үнэхээр галзуу байлаа. Маш ихээр ядарч байна. Одоо сайхан амармаар байна. Багшийнхаа ачийг хариулж 11 жилийн дараа аваргын бүсийг дахин эх орондоо авч ирж байгаадаа баяртай байна. Өрсөлдөгч маань үнэхээр хурдтай байлаа. Би зарим цохилтуудыг нь харж амжсангүй. Олон тулаан хийхдээ ийм хохирол авч байсангүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
“ONE Championship”-ийн аваргын алтан бүсийг дагалдуулан 50 мянган ам.доллар шагнал олгодог юм.



