МАН-ын Их хурлаас намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал хэвлэлд мэдээлэл өгчээ. Тэрбээр намынхаа бодлого, үйл ажиллагааны шинэчлэл, баримтлах зарчим, улс төрийн байр сууриа илэрхийлсэн байна. Намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг жишгийг тэрбээр дагахгүй, харин ч Засгийн газрын тогтвортой ажиллуулна гэдэг байр сууриа тодорхой илэрхийлжээ. МАН-ын дарга Н.Учрал
-Намын Бага хурлын анхдугаар хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааг бүх талаар хангаж ажиллуулах чиглэл болгох тухай тогтоол баталсан. Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж, ирэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулах ажлыг ахалж ажилласан учраас Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэл миний итгэл үнэмшил болоод МАН-ын хичээн эрмэлзэх зүйл, бодлого хөтөлбөртэй уялдаж байна гэсэн үг. УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Манай Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 72 хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрийн зорилт багтсан. Хамтарсан Засгийн газар байсан учир АН болон ХҮН намын мөрийн хөтөлбөрийн зорилт тодорхой хэмжээгээр тусгагдсан. Энэ хөтөлбөрт суурилсан жилийн төлөвлөгөөг УИХ-аар баталсан. Ирэх таван жилийн үндсэн чиглэлийг одоо хэлэлцэж байна.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн таван сарын хугацаанд экспортыг 1.7 дахин нэмэгдүүллээ, валютын нөөцийг хадгалж байна. Зээлжих зэрэглэл BB болсон гээд эдийн засгийн хувьд тоогоор илэрхийлэгдэх сайн үзүүлэлтүүд гарч байна. Засгийн газрын авлигатай тэмцэж байгаа, уул уурхайн салбарт ил тод байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байгаа бодлого, үйл ажиллагааг би намын даргын хувиар бүрэн дэмжинэ. Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа манай улс орны нөхцөл байдал болон олон улсын геополитикийн нөхцөл байдал, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа үед бол асар чухал юм.
Хөрөнгө оруулагчид бидэнд олон удаа хандсан. Хууль эрх зүйн орчныг шинэчлэл хийж өгөөч, Монголд хөрөнгө оруулах нээлттэй, хариуцлагатай, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг тогтолцоо бүрдүүлж өгөөч гэж. Засгийн газар эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл, мэдэгдлийн хууль, татварын багц хуулиудыг олон нийтээр хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Эдгээр хууль батлагдаж, эдийн засаг хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлийг цаашаа тогтвортой хадгалъя гэвэл төсөв дөнгөж батлагдсан энэ цаг үед Засгийн газраа илүү тогтвортой байлгахыг эрмэлзэх ёстой. Намын асуудал бол намын асуудал. Засгийн газрын асуудал тусдаа. Би энэ Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаагийн хувьд Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хадгална. Эргээд мөрийн хөтөлбөрийг үнэлж дүгнэж, мөрийн хөтөлбөр биелүүлэхгүй байгаа тодорхой салбаруудад хяналт тавьж, намын зүгээс Засгийн газрынхаа үйл ажиллагааг шахаж шаардаж, хяналт тавьж ажиллана гэсэн байна.

