Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа нүүрсний оффтэйк гэрээнүүдийг улсын нууцаас гаргаж, ил болгох шийдвэр гаргалаа. Тухайлбал, “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолоор, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдаанд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичиг, мөн Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанд танилцуулсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох бусад баримт бичгийг ил болгохоор шийдсэн.
Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2019-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан оффтэйк гэрээнүүдийг тус компанийн цахим хуудсанд өчигдөр нийтэлсэн байна. Үүнд 2019-2022 онуудад хийгдсэн нийт 36 гэрээг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгожээ. Эдгээр гэрээний 26-г нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 600 ам.долларт хүрч байсан 2022 онд байгуулсан байна. Нүүрсний 36 оффтэйк гэрээний 31-ийг нь “Бодь групп” дангаараа хийжээ. Тус групп 22 сая 505 мянган тн нүүрсний гэрээ хийснээс 8.2 сая тонныг нь экспортолж, тонн нүүрсийг 200 ам.доллараар тооцох юм бол 1.6 тэрбум ам.долларын ашиг олсон байна.
Нүүрс нийлүүлэх оффтэйк гэрээнүүүдийг ил болгосноор эдийн засгийн төслүүдийг нууцлах замаар өрсөлдөөнгүйгээр, далд байдлаар хэрэгжүүлдэг байдлыг таслан зогсоож байна. Цаашид ямар нэг хэлбэрээр иргэдээс, бизнесийнхнээс нууцалж, гэрээ, хэлэлцээрийг өрсөлдөөнгүйгээр нууцаар хийдэг байдал үгүй болно. Аливаа гэрээ, хэлэлцээр ил тод шүүгдэж, ил тод хэлэлцэгдэж батлагдаж байх ёстой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолжээ. Тэрбээр ХЗДХЯ, ГХЯ, Тагнуулын ерөнхий газрын төрийн нууцад хамаарахаас бусад бүх асуудлыг ил болгож, цаашид Монголын төрд аливаа асуудал ил тод, нээлттэй, хяналттай байх зарчмыг тууштай мөрдлөхийг үүрэг болгосон байна.


