Thursday, November 21, 2024

Монгол Улсын хүний наймааны төлөв анхаарал татах түвшинд хүрчээ

Date:

АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын тайланг гаргадаг. Энэ дагуу 2019 оны ээлжит тайлангаа өнөөдөр дэлгэрэнгүй нийтэлжээ. Уг тайланд, Монгол Улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар мэдэгдэхүйц чармайлт гаргаж байна. Өмнөх жилтэй харьцуулахад хүний наймааг таслан зогсоох төрийн хүчин чармайлт нэмэгдсэн учраас Монгол Улсын зэрэглэлийг ахиулж 2-р шатлалд оруулсан гэдгийг дурджээ.

-Хүний наймааг таслан зогсоох наад захын шаардлага хангаагүй хэвээр-

Энэ чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал, хүний наймааны гэмт хэргээс хохирогчдод үйлчилгээ үзүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт олгож эхэлсэн, илүү олон хохирогчдыг илрүүлж, хилийн чанадаас эх оронд нь авчирсан, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулах тодорхой заалтуудыг оновчтой тусгасан, улмаар нийгмийн сүлжээгээр дамжуулан хүний наймааны зорилгоор бусдыг залилан мэхлэх явдлыг таслан зогсоох зорилготой хууль сахиулах шинэ кампанит ажлыг санаачилсан зэрэг ажлуудыг уг тайланд онцолсон байна. Гэвч, тайлант хугацаанд хэд хэдэн гол асуудлын хүрээнд төрийн зүгээс хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг хангаагүй хэвээр байна гэж үзжээ. Тухайлбал, Эрх бүхий төрийн албан хаагч, байгууллагууд шинэ Эрүүгийн хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш 2017 онд зохих ял шийтгэл оногдуулалгүй хэрэгсэхгүй болгосон хүний наймааны гэмт хэргүүдийн алийг нь ч дахиж нээгээгүй бөгөөд зарим хууль сахиулах албан хаагчид хохирогчдод хүний наймааны хэргээс хохирсны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсан хэвээр байгаа юм байна. Энэхүү тайланд үндэслэн Монгол Улсад дараах зөвлөмжийг санал болгожээ. Үүнд, хүний наймааны судалгаа болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад илрүүлсэн хүний наймааны хэргийг мөрдөх, шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа зохих ял шийтгэл оногдуулалгүйгээр хэрэгсэхгүй болгсон хэргүүдийг дахиж нээх зэргээр Эрүүгийн хуулийн 12.3 болон 13.1-р зүйлүүдийг хэрэглэн хүний наймааны хэргийг мөрдөх, шалган шийдвэрлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлэх; хүн худалдаалсан нь тогтоогдсон этгээдэд хорих ял зэрэг зүй ёсны ял шийтгэлийг оногдуулах; хүний наймааны гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийн эсрэг албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг үл харгалзан хохирогчдод зориулсан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг хангахын тулд зохих хуулийн зүйл заалтанд нэмэлт өөрчлөлт оруулах; бэлгийн мөлжлөгийн сэдэл бүхий хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг саатуулж, торгодоггүй байхаар Зөрчлийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр хүний наймааны хэргээс хохирсны улмаас гэмт хэрэг үйлдсэн хохирогчдод ял шийтгэл оногдуулах явдлыг таслан зогсоохыг зөвлөмж болгожээ.

-Хүн наймаалсан этгээдүүдэд хэт өршөөнгүй ханджээ-

Хүн наймаалах хэрэгт ногдуулж буй ял шийтгэлийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг 2017 онд нэг ч хэрэг шалгаагүй, мөн онд шүүхээс нэг ч хэрэгт ял шийтгэл оногдуулаагүй байсан бол, 2018 онд Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлийн дагуу хүний наймааны гэмт хэрэг үйлдсэн 5, 12.3-р зүйлийн дагуу нэг этгээдийг тус тус ялласан байна. Эрх бүхий байгууллагууд ял шийтгэлтэй холбоотой тоон мэдээллийг бүрэн тайлагнаагүй боловч, ЦЕГ- ын мэдээлснээр 12.3-р зүйлийн дагуу яллагдагчид 12 жилийн хорих ял оноосон байна. Шинэ Эрүүгийн хуулийг 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш прокурорууд хүн худалдаалах гэмт хэрэг байж болзошгүй хэрэг нэг бүрийг Эрүүгийн хуулийн 13.1, 12.3-р зүйлийн дагуу шийдэгдэх эсэхийг тодорхойлохын оронд хүчингүй болсон Эрүүгийн хуулийн зүйлийн дагуу мөрдөн шалгаж байсан 26 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Улсын ерөнхий прокурорын газраас 2018 оны эхээр хэрэгсэхгүй болгосон дээрх хэргүүдийг дахин шалгаж, албан ёсоор мөрдөх ажлын хэсэг байгуулсан боловч, тайлант хугацааны төгсгөлд хэргүүдийг эцэслэн шийдвэрлээгүй байсан. Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар төрийн зүгээс хүн худалдаалах гэмт хэрэгт яллагдан хоригдож байсан зарим этгээдийг хугацаанаас нь өмнө суллаж байгаа нь хэт өршөөнгүй үйлдэл бөгөөд тэднийг энэ төрлийн гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдэх байдалд хүргэж байж болзошгүй байна гэж АНУ-ын Элчин сайдын яамны тайланд онцолсон нь анхараал татна. Хүний наймаатай тэмцэх үйл ажиллагаа болон хүний наймааны хохирогчдыг хамгаалах чиглэлээд төрөөс гурван жил дараалан санхүүжилт олгоогүй байсан бол 2018-2019 онд хохирогч хамгаалах үйлчилгээний дийлэнхийг үзүүлдэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцдэг ТББ-уудад 95 сая төгрөгийн санхүүжилт өгсөн байна.

Насанд хүрээгүй охидод ямар шийтгэл хүлээлгэсэн нь тодорхойгүй-

Эрх бүхий байгууллагууд 2018 онд хэд хэдэн гэнэтийн шалгалт явуулснаар биеэ үнэлж байсан гэх 415 хүнийг баривчилж, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогч 10 хүүхдийг илрүүлэн хамгаалсан гэсэн мэдээлэл байгаа ч, өнгөрсөн тайлангийн хугацаанд биеэ үнэлсэн нэрийдлээр баривчилсан насанд хүрээгүй дөрвөн охинд ямар ял шийтгэл оноосон эсэх талаар мэдээлээгүй байна. Гадаадын хохирогч иргэдийг илрүүлээгүй ч тэднийг залхаан цээрлүүлж, шийтгэл хүлээлгэж мэдэх улс орон руу нь буцаахын оронд хэрэглэх өөр хуулийн хувилбар Монгол Улсын хууль тогтоомжид байхгүй. Засгийн газар 2017 оны НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу хоёр талт ажлын гэрээний ивээл дор Монголд ажиллаж байсан Хойд Солонгосын цагаач ажилчдын дийлэнхийг эх оронд нь буцаасан тухай мэдээлэл байгаа агаад тэднийг хүний наймааны шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаагүй байна. Зарим иргэний нийгэм болон орон нутгийн засаг захиргааны ажилтнуудын мэдээлж байгаагаар дипломат бус арга замаар ирсэн цөөн тооны Хойд Солонгосын цагаач ажилчид Монголд үлдэж, албадан хөдөлмөр эрхлэлтийн хүнд нөхцөлд ажилласан хэвээр байна.

-Жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох зорилгоор Монголд ирдэг-

Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хүний наймааны хохирогчдыг мөлжиж, улмаар хилийн чанад руу гаргаж байгаа ажээ. Гэмт этгээдүүд хүний наймааны хохирогч болсон гадаад иргэдийг Монгол Улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу наймаалцдаг байж болзошгүй байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Хятад, Казахстан, Норвеги, Швед, Турк улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монгол Улс дотроо худалддаг байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу хорооллын хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна. Иргэний нийгмийн байгууллагын сүүлийн үед хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монголчуудыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгож, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Охид, эмэгтэйчүүд массажны газар, хууль бус эмсийн хүрээлэн, зочид буудал, баар цэнгээний газар, караоке клубүүд болон зарим тохиолдолд орон нутгийн цагдаагийн ажилтнуудын гар бие оролцсон байдлаар бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна. Трансжендэр эмэгтэйчүүдийг албан салбарт хөдөлмөр эрхлүүлэхээс гадуурхдаг нийгмийн жигшил зэвүүцэл өргөн тархсан учраас тэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөх өндөр эрсдэлтэй. Япон, Өмнөд Солонгос улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж өмнөх жилүүдэд тайлагнаж байсан бол иргэний нийгмийн зарим бүлгүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал улам газар авсан байж болзошгүй байна.

-Уул уурхай ба хүний наймаа-

Монгол Улсын өмнөд хэсэгт өрнөж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь ялангуяа Хятад-Монголын хилийн эргэн тойронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Өмнөговь аймагт Хятадын хилээр нүүрс тээвэрлэж буй ачааны машины жолоочдын паспортыг ажил олгогчид нь тээврийн хэрэгслийн барьцаа болгож хураан авч байгаа нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх хүчин зүйл болж байна. Эдгээр жолооч нар хилээр нэвтрэх зөвшөөрөл авч, Хятадад нүүрсээ хүргэж өгөх хүртэл хэдэн долоо хоног, хэдэн сарын туршид хагас нойртойгоор ачааны машины цуваанд байнгын хүлээлгэнд зогсдог байна. Хүргэлт хоцроход үйлчлүүлэгчид цалин хөлсийг нь бууруулдаг учир ийм алдагдал нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлд оруулдаг байна. Залуу охид, эмэгтэйчүүд уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хотууд, Өвөрмонголын хил дагуух шөнийн цэнгээний газруудад биеэ үнэлж ашиглуулах эрсдэл өндөр байна. Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд бичил уурхайтай холбоотойгоор албадан хөдөлмөр эрхлэлтийн мөлжлөгт өртөж байна.

-Нугараач охидыг албадан хөдөлмөр эрхлүүлж байна-

Зарим хүүхэд хүчээр гуйлга гуйх, хулгай хийх болон хурдан морь унах, мал маллах, эсвэл хогийн цэг дээр хог түүх, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байна. Зарим тохиолдолд гэр бүлийн гишүүдийн зүгээс хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад хамсаатан болж байна. Эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач монгол охидыг гол төлөв Монгол, Турк, мөн цөөн тоогоор Хонконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Монгол хөвгүүд Хятад улсын хилийн боомт дээр хурдан морь унаач болон циркийн жүжигчнээр тодорхойгүй хугацаагаар ажиллаж, 6 сар тутам хүн дагуулж гэрт нь очуулах гэсэн нөхцөлтэйгөөр ажиллуулдаг нь хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд хүргэж байна. Ийнхүү олон давтамжтай хилийн дээс алхуулж нүүлгэх нь тэднийг хүний наймаанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Монгол эмэгтэйчүүдийг хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл хүчээр биеийг нь үнэлүүлж байна. Сүүлийн үед Хятад компаниуд монгол хөвгүүд, эрчүүдийг хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөрийн доод хөлснөөс хэт доогуур цалин, тодорхой бус цагаачлал, харьяатын статустайгаар ажиллуулж байгаа нь тэднийг хүний наймаанд өртөх өндөр эрсдэлд оруулж байна. Зарим бичил зээл олгодог Хятад байгууллагууд монголчуудын паспортыг барьцаанд авдаг нь тэднийг цагаачлал, харьяатын статустай холбоотой албадлагад өртөхөд хүргэдэг байна.

-Монголд ажилладаг хятад, солонгосууд хүний наймаанд өртөх магадлал өндөр-

Монгол Улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй Хойд Солонгос болон Хятад ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Тэдний заримыг хилээр орж ирмэгц гэрээг нь өөрчилж,цагаачлал, харьяатын албаны хууль дүрмийг зөрчсөн нэрийдлээр албадан эрхшээлдээ оруулах эрсдэл байна. Хойд Солонгосын ажилчид хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг ба чөлөөтэй зорчих, ажлын байраа сонгох эрхгүйн дээр цалин хөлснийхөө өчүүхэн хэсгийг гар дээрээ авдаг байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Хятадаас ирж буй Орос, Украйн эмэгтэйчүүд визгүй, богино хугацаанд хил нэвтэрснээр бэлгийн мөлжлөгийн хохирогч болох магадлалтай байна. Монголын зарим албаны хүмүүсийн авлигын асуудал нь хууль бус үйл ажиллагаа явуулж буй газрууд дахь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг өөгшүүлснээр, хүний наймааг таслан зогсоох засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай ажиглагчид дурдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...