Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Мягмар нарын санаачилгаар амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчдыг зөвлөмж, мэдээллээр хангах, зам тээврийн осол, хэрэг зөрчилд холбогдох эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран “Хүүхэд хамгааллын” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд энэ сарын 01-ний өдөр НЦУГ-ын хурлын танхимд хүүхдийн ахуйн ослыг бууруулах, гол усны аюулаас сэрэмжлүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл түгээх, зөвлөмж хүргэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, НЦУГ-ын дарга Э.Товуудорж, НЦУГ-ын дэд дарга О.Нямдаваа, НОБГ-ын дарга Г.Галбадрах болон есөн дүүргийн цагдаа, онцгой байдлын хэлтсийн дарга, удирдлагууд, хүүхдийн чиглэлээр ажилладаг алба хаагч нар оролцлоо.
Энэ үеэр НЦУГ-ын дарга Э.Товуудорж хүүхэд хамгааллын чиглэлээр нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа хэдий ч эцэг, эх асран хамгаалагчид хүүхдээ аюул ослоос хамгаалах, сэрэмжлүүлэх шаардлагатай байна. Зуны амралтаараа хүүхдүүд зам тээврийн осол, хулгайн гэмт хэрэгт өртөх тоон үзүүлэлт өндөр байна. Үүнээс гадна хүүхэд хулгай, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар 150 орчим хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон. Мөн 12-17 насны хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болж, хүчирхийлэл, сүрдүүлэгт өртөх, залилуулах явдал их байна. Иймд НИТХ, НОБГ-тай хамтран эцэг, эх, асран хамгаалагчид, хүүхдүүдэд зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэх шаардлагатай байна хэмээн онцоллоо.
Хамтарсан уулзалтыг нээж НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд хүүхдүүд ахуйн осолд өртөх, гол усанд эндэх, хулгайд эд зүйлээ алдах, зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгдэж байна. Хүүхдийн ахуйн осол, бэртэл гэмтэл, аливаа хэрэг зөрчилд өртөх нь эцэг, эх, асран хамгаалагчдын мэдээлэл дутмаг, хүүхдэдээ гарах үр дагаварыг сайн ойлгуулаагүйгээс үүсч байна. Тиймээс НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид НЦУГ, НОБГ-тай хамтран “Хүүхэд хамгаалал”-ын арга хэмжээг зохион байгуулж, оролцогч талуудтай хэлэлцэж байна. Хүүхэд хамгааллын арга хэмжээг өнөөдөр, маргааш хийгээд дуусгах биш, цаашид уламжлал болгон зохион байгуулна” хэмээлээ.
НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбаатар:
Улаанбаатар хотод гал түймэр болон голын усны осол, ахуйн гэмтэлд өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байна. Нийслэлийн хэмжээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар аврах ажиллагаанд 104 удаа, обьектын гал түймрийн дуудлагад 1597 удаа, ой хээрийн түймэрт дөрвөн удаагийн дуудлагад явсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аврах ажиллагааны дуудлага 55 хувиар буурч эсрэгээрээ гал түймрийн дуудлага 57,3 хувиар өссөн байна. Гал түймэрт 14 иргэн амь насаа алдсан бол үүний 7 нь бага насны хүүхэд байна. Үүнээс гадна он гарсаар голын усанд хоёр хүүхэд живж амиа алджээ. Үүнээс харахад нийт дуудлага мэдээлэлд бүртгэгдсэн гамшиг, осолд өртсөн хүүхэд 20-50 хувийг эзэлж байгаа маш харамсалтай мэдээ байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, хамгаалах тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй.
НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар:
Баяр наадам, амралтын цаг эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал байна. Зуны цагт хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо нэмэгддэг. Ялангуяа авто замын осол, үер усанд автах, ахуйн осол, хулгайн гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгддэг талаар албаныхан мэдээлж байна. НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хүүхэд болон хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр өнгөрсөн хугацаанд “Түр хамгаалах байрын талаар авч хэрэгжүүлэх ажлын тогтоол”-ыг батлуулсан. Тэгвэл одоо хүүхэд рүү чиглэсэн арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласнаар богино хугацаанд хүүхдийн аюулгүй байдлын судалгааг хийж, ажил болгох боломжтой юм.