Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй хайрхан уулын тахилгын ёслол өнөөдөр нэгэн зэрэг боллоо. Тодруулбал, зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэнэ овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга боллоо. НИТХ-ын дарга А.Баяр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо болон Баянзүрх хайрханы Их овооны тахилгад оролцсон байна. Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханы тахилгад Нийслэлийн удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нар, сүсэгтэн олон оролцлоо.
Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм. Уул ус тахих зан үйл нь монголчуудын хувьд нэн эртний өв соёл бөгөөд уул усыг тахих нь байгаль дэлхий бороо хураа хайрлаж, ургамал ногоо дэлгэрч, амьтай бүхэн амгалан жаргахыг бэлгэддэг билээ. Нийслэлийн иргэдийн баярыг угтан нийслэлийн хүрээ, хийдүүд нийслэлийн иргэдийн сайн сайхны тулд ном хурлаа. Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам” дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна. Маргааш “Хүрээ цам- Даншиг наадам” албан ёсоор эхлэх юм.


