Tuesday, March 4, 2025

Эдийн засагт эерэг хүлээлттэй “Эрдэнэс Тавантолгой”

Date:

Монголын улс төр Таван толгойгоо тойрон өрнөж ирсэн. Одоо ч хэвээрээ байна. Гэхдээ Таван толгойгоос таатай мэдээ  дуулдах болсоор хэдэн он улирав. Хар алтны уурхай сайн мэдээний уурхай болсон нь эдийн засагт эерэг дохио өгч байна.  

Цэвэр ашиг нэмэгдэж, ногдол ашиг өсөв

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Тус компани 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрсний борлуулалт хийж, 3 тэрбум ам.долларын буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Нийт 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлжээ.

Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компанийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н олсон орлого, гарсан зарлага бүхэн бидэнд хамаатай. Долоон буудлын Должин, “Кинг тауэр”-ийн Долгор хэн хэн нь адилхан “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааныхаа ногдол ашгийг эн тэнцүү  хүртэнэ. Оны өмнөхөн 135 төгрөгийн ногдол ашгаа авсан. Одоо Сар шинийн өмнө 100 мянган төгрөг авна. Дахиад 100 мянгыг дөрөвдүгээр сард авна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж, 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл 100.000 төгрөгийг хоёрдугаар сарын 28-нд, үлдсэн 90.000 гаруй  төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Монголчууд ийнхүү баялгийнхаа эзэн болсныхоо үр шимийг хүртэж эхэлсэн нь таатай хэрэг. Их биш ч гэлээ энэ бол цаашид өсөн нэмэгдэх хувь хишиг. Анх 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан  тул ТУЗ нь хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргаж байв. Хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэд. Ингээд нэгж хувьцаанд 90 төгрөг буюу иргэн бүрт 96480 төгрөгийн ногдол ашиг тараасан. Үүнээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК хэд хэдэн удаа ногдол ашиг хуваарилсан. Иргэн бүрийн ногдол ашиг гурав дахин өсөөд байна.

2019 онд анх нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байсан компани өнгөрсөн онд 4.5 их наядын цэвэр ашиг олсон нь түүхэн дээд амжилт. Энэ дээд амжилт цаашид эвдэгдсээр байх нь тодорхой. Энэ бол нүүрсний салбарт бугшсан хулгай, авлигыг илрүүлэн, таслан зогсоосны шууд үр дүн юм.

2022 онд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаар тухайн жилийн цэвэр ашиг 1,3 их наяд төгрөг болсон бол, 2023 онд 3,2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байдаг. 2021 онд компанийн цэвэр ашиг дөнгөж 110 тэрбум төгрөг байсан гэхээр БЭТ томилон ажиллуулснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг эхний жилдээ 10 дахин, хоёр дахь жилдээ 30 дахин өссөн байна. Энэ бол авлигагүй салбар ямар үр ашигтай ажиллаж болдгийн жишээ юм.

Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК ордынхоо нөөцийг 1,8 тэрбумаар нэмэгдүүлэн 8,1 тэрбум тонн болгон батлуулсан. Өнгөрсөн онд жилд 10 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Монгол Улс түүхэндээ 2023 онд анх удаа 8.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 70 сая тонн нүүрс экспортолсон юм.

Гуравдагч зах зээлд хөл тавина

“Гуравдагч зах зээлд нүүрс экспортлох яриа хэлцлийг хийгээд явж байна” гэдгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд мэдэгдэв. Энэ бол эрдэс баялгийн экспортод шинэ гарц, зах зээл хайж буй хэрэг. Зах зээлээ ингэж тэлж гэмээнэ эдийн засгийн хувьд ганхахгүй болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд БНХАУ-аас гадна бага хэмжээгээр Сингапур Улс, БНСУ-д нүүрс экспортолсон. Нүүрсний экспортын энэ гарцаа цаашид улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа аж.   

Энэ жилийн хувьд нүүрсний салбарын барометр тийм ч сайнгүй байгаа. Эдүгээгээс яг нэг жилийн өмнөөс буюу 2024 оны нэгдүгээр улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний үнэ 44 хувиар унажээ. Гэхдээ энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ сэргэх болов уу гэдэг хүлээлттэй байгаа аж. Нүүрсний үнэ 2025 онд 13 хувиар буурна гэдгийг Дэлхийн банк өнгөрсөн оны сүүлд анхааруулсан.  Он гарсаар БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 10 хувиар уруудаж, АНУ Хятадын худалдааны дайнаас үүдэж нүүрсний үнэ буурч эхэлжээ. Өмнөх жилүүдэд БНХАУ-ын нүүрсний хэрэглээ эрэлтээсээ давдаг байсан бол энэ жилээс энэ үзүүлэлт урвуугаар эргэжээ. Тиймээс зах зээлийн хуулиар нүүрсний үнэ буурч байгаа аж.

Энэ нөхцөлд манай улс экспортын хэмжээгээ нэмэгдүүлж, хэрхэн валютын орлогоо тогтвортой байлгах вэ гэдгээ бодох ёстой. Уян хатан, ухаалаг бодлого барьж байж нүүрсний салбарын тогтвортой байдлыг хангана.

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт маркетинг тээврийн газрын дарга О.Цэрэндондог,

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд “Эрээн” боомтоор нүүрс экспортлохоор судалж байгаа. Хятадын зүүн хойд мужийн гангийн болон эрчим хүчний зах зээл рүү ойртоно.

Хоёрдугаарт, Биржийн тухай хуульд зөвхөн Монгол Улсын хилийн боомтоор зарж байна. Бид Хятадын далайн эргийн хойд боомтууд руу зарах боломжийг зайлшгүй судлах ёстой. Түүнчлэн эцсийн хэрэглэгч болох гангийн үйлдвэрүүдтэй харилцаа тогтоох, тэдэнд шууд нийлүүлэх боломжийг судлах шаардлагатай. Мөн Энэтхэг улсын гангийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх тооцоолол байна. Иймд бид гуравдагч улсын зах зээлд нүүрсээ экспортлох яриа хэлцлийг хийгээд явж байна гэлээ. 

Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тэргүүнд бичигдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл гараанаас гарсан. Үүний араас Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төслүүд шат дараалалтай хэрэгжинэ. Энэ бол нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Цаашид 14 мега төслийн хүрээнд Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл, Гангийн цогцолборын төсөл хэрэгжиж, хүнд үйлдвэрүүд ашиглалтад орох юм бол нүүрсний дотоодын хэрэглээ өснө.

 
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн баяжуулах үйлдвэр жилд дунджаар 24 сая тн орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах төсөөлөлтэй байгаа. Цаашлаад жилд $1.9 тэрбумын борлуулалтын орлого, $197.3 саяын цэвэр ашигтай ажиллах бөгөөд төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт $185.8 саяыг төвлөрүүлнэ.
2023 оны хоёрдугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь анх биржийн арилжааг эхлүүлжээ. Тухайн онд нийт борлуулсан нүүрсний 17 хувийг биржээр зарж, худалдан авагч талд хүргэж өгсөн бол 2024 онд 38 хувь хүртэл нэмэгдүүлсэн байна. 2025 онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 40 хувь давуулах, цаашлаад 50 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Манайх нүүрсээ БНХАУ руу нийлүүлдэг. Тус улс 4.7 тэрбум тонн нүүрсийг хэрэглэдэг. Энэ нь дэлхийн нүүрс үйлдвэрлэлийн 50 хувь юм. Манай Эрдэнэс Тавантолгой ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс экспортолсон. Хятад улс жилд 4.5 тэрбум тонн нүүрсний хэрэглэдгээс манай улс нийтдээ 70 сая тонн нүүрс экспортолсон. Нүүрсний үнэ буурсан нь Хятадын эдийн засагтай шууд холбоотой. Учир нь Хятадын эдийн засаг 1978 оноос хойших өөрчлөлт шинэчлэлээс хойш үргэлж 6-7 хувьтай өсөж байсан бол одоо таван хувьтай хүрэхгүй байна. 2008 оны эдийн засгийн хямралын дараа Хятадын засгийн газар дэд бүтцийн томоохон төслүүдийг ихээр хийж гүйцэтгэсэн. Олон хурдны зам, байшин барилга барихад ган ихээр шаарддаг байсан. Одоо энэ хэрэгцээ багассан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 2 дугаар сарын 28-ны...

“Энержи ресурс”-тэй 2008 онд байгуулсан гэрээ УИХ-ын эрхэд халдсан, хууль бус гэж дүгнэжээ

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулжээ Монгол Улсын Ерөнхий...

Цагаан сараар тав хоног амарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Цагаан сарын өдрүүдэд тав хоног...