УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг С.А.С” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцжээ.
УИХ-ын гишүүдийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд хариулт өгөхдөө төсөл хэрэгжих хугацаанд Зүүнбаянгийн төмөр замыг өртгөтгөж, 160 километр засмал болон сайжруулсан автозам татаж, 500 хүн амтай жижиг тосгон байгуулагдах бөгөөд нийтдээ 1600 гаруй хүн ажиллахын 17 нь гадаадын иргэн байна гэсэн юм. Мөн газар дор уусган баяжуулах технологийг дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 54-60 хувьд ашиглаж байгаа, олборлохуйц хэмжээний ураны нөөцтэй давхаргын усыг олборлолтоос өөр зориулалтаар ашиглах боломжгүй, хүн, мал амьтанд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг төслийн хүрээнд хийх бөгөөд нөлөө бүхий гэж үзвэл бүс нутгийг малгүй болгож, малчдад нөхөх олговор олгохтой холбоотой зохицуулалтууд гэрээний төсөлд тусаж байгааг танилцуулжээ.
Түүнчлэн зардлын шинжтэй төлбөр, хураамжийг Монголын талын өгөөжид тооцуулахгүй авч үлдэж чадсан, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын өгөөжид 2.0 хувиар тооцож байгаа, аюултай хог хаягдлын менежментэд нийт 2.3 сая ам.доллар, хүхрийн хүчлийн үйлдвэр барихад 96.2 сая ам.доллар төлөвлөсөн зэргийг тодорхой дурдсан байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны уг гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулжээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 79.3 хувь нь дэмжсэн тул “Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо. Тогтоолд, Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөнд тооцсугай гэжээ.