Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг С.А.С” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр УИХ-д өргөн бариад байгаа. Уг Хөрөнгө оруулалтын гэрээг парламент дээр хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр байнгын хороодын хуралдаанаар өнөөдөр оруулж байна.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 35 жилийн хугацаанд Оюутолгойгоос өөр ийм том хөрөнгө оруулалтын гэрээг гуравдагч этгээдтэй байгуулаагүй. Тиймээс энэ бол эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэрээ. Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү төслийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэгээр баталсан. Энэхүү гэрээг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байрыг бий болгох, шинэ технологи нутагшуулах, мөн олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтоох үр дагавартай.
Ойрын жилүүдэд гуравдагч хөрш оронтой, тэр дундаа Франц улстай ураны салбарт хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх талаар эрчимтэй яригдсан. Хоёр улсын Ерөнхийлөгчид харилцан айлчлал хийж, хамтарсан ажлын хэсгүүдийн удаа дараах уйгагүй уулзалт, харилцан ойлголцлын хүрээнд “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлэн болсон байна. Хамгийн гол нь тус гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцсэн, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож байх, талуудын хүртэх өгөөжийг тэнцвэртэй хангах суурь зарчмуудыг баримтлан ажиллажээ.
Мөнгөн дүнгээр тооцвол орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөг төвлөрүүлж валютын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх, 1600 орчим ажлын байр бий болгох ач холбогдолтойн дээр, шинэ технологи нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэрүүд баригдах боломжийг бүрдүүлнэ гэж тооцжээ.
Иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулдаг асуудал бол уран олборлосноор хүн болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл. Төслийн хүрээнд ашиглах технологи нь газар доор уусган баяжуулахдаа битүү системээр уусган баяжуулна. Энэ нь жирийн уурхайтай зүйрлэх аргагүй технологи. Юутай ч өнөөдрийг хүртэл газар доор уусган баяжуулах технологитой холбоотойгоор цацрагийн эрсдэл үүссэн тохиолдол дэлхийн улс орнуудад бүртгэгдээгүй юм байна.
Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр:
- Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500,000,000 ам.доллар гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгасан.
- Анхны хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй ба зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр тохирлоо.
- Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллыг шууд ашиглахаас илүүтэй, Техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured, Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулжээ.
- Засгийн газар төсөлд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байхаар тохирсон байна.
- Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тусгажээ.
- Засгийн газар Төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг буурахгүй байхаар тохирч чаджээ.
- Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэл хувийг Хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгав.
- Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгав.
Татвар санхүүгийн чиглэлээр:
- Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулан, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирлоо. Байгаль орчны салбарын албан татварыг тогтворжуулахгүй байхаар тохиржээ.
- Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцэн, зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдал ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн 3 үзүүлэлтийг тогтворжуулахаар тусгажээ.
- Хөрөнгө оруулалтын гэрээнд хууль тогтоомжийг тогтворжуулахгүй байхаар
- Бүтээгдэхүүнд агуулагдах бусад ашигт малтмалд АМНАТ тооцохоор тохирсон байна.
- Хөрөнгө оруулагчийн төслийн үйл ажиллагаанаас авах маркетингийн болон ноу хау төлбөрийг өөрийн хүртэх өгөөждөө тооцохгүй гэж байсныг хэлэлцээрийн явцад буулт хийлгүүлж өгөөжид тооцохоор зөвшөөрүүлж чадлаа. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгч зардлаа өсгөж, үүнтэй холбоотой тооцдог төлдөг төлбөрөөр өөрийн өгөөжөө хүртэх эрсдэлээс сэргийлж, гэрээнд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, зардлаа өсгөвөл хөрөнгө оруулагчын өгөөж тэр хэмжээгээр өсч тооцогдох тул монголын талын авах өгөөжийн хэмжээ зардлын өсөлттэй уялдаж мөн нэмэгдэх болно гэж үзжээ.
Бүс, орон нутгийн хөгжил, байгаль орчны асуудлаар:
- Техник, эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан Төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэхээр;
- 3 жил тутамд төслийн үйл ажиллагаа болон технологидоо Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр хөндлөнгийн аудит хийлгэхээр;
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирсон байна.
- Төсөл хэрэгжүүлэгч хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Бүтээн байгуулалтын үе шатанд 300,000 ам.доллар, Уурхайн ашиглалтын үе шатанд 1,000,000 ам.доллар, Уурхайн хаалтын үе шатанд 1,100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
- Уурхайн ашиглалтын үе шатанд Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90 ба түүнээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байхаар тусгажээ.
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-aас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээд байхаар тохирсон аж.
- Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар гэрээнд тусгажээ.