Wednesday, February 5, 2025

Ерөнхий сайд гурван шилжилт, зөөлөн дэд бүтцийг онцоллоо

Date:

Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ. Уг хуулийн төслийг намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа аж. Энэхүү хууль батлагдвал олон улсын байгууллагуудын олон жил Монгол Улсад зөвлөсөн зөвлөмж бодит ажил болж, төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацийн зарчмаар ажиллах болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганд  хэлсэн үгэндээ онцоллоо. 

Түүнчлэн Засгийн газраас ирэх хаврын чуулганаар цахим өгөгдөлд тулгуурлаж, татварын багц хууль, нийгмийн даатгалын багц хуулийг, хөрөнгө оруулалтын хуультай хамтад нь өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын өргөн төлөөлөлтэйгээр олон жил яригдсан энэхүү асуудлыг шийдвэрлэх гэж буй нь энэ. Хамтарсан Засгийн газрын мега төслүүд хөдлөхөд суурь тоонуудыг тооцох нь маш чухал ач холбогдолтой.

Эдгээр эрх зүйн реформыг хаврын чуулганд багтан цогцоор нь шийдвэрлэж чадвал, 2025 оны улсын төсөв их өгөгдөлд тулгуурласан төсөв байх боломж бүрдэнэ. Ингэснээр улсын төсвийг зөөлөн дэд бүтцийн хөгжил рүү илүүтэй чиглүүлнэ.

2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ эдийн засгийн бүтцийг бий болгохоор зорьжээ. Үүний тулд гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн байна.

Энэ гурван шилжилт болон үүн дотроос онцолж цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг хүсэж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн. Цахим шилжилт бол зөвхөн төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх, эсхүл аль нэг салбарын асуудал биш, харин бүх салбарыг хамарсан шинэ эдийн засгийн суурийг бүрдүүлэх зөөлөн дэд бүтэц юм. Их өгөгдөл байхгүй бол дүн шинжилгээ хийх боломжгүй, дүн шинжилгээ хийхгүй бол оновчтой, зөв шийдвэр гаргахгүй. Хуримтлагдсан асуудлуудыг хамгийн зөв оношлох аргачлал бол хүний оролцоогүй цахим шилжилт. 

Төрийн байгууллагуудын салангид мэдээлэл, өгөгдлийг цэгцэлж, нэгдсэн дүгнэлт хийхийн тулд E-Mongolia платформыг 2020 оны есдүгээр сарын 01-нд нээж байв. Анх 23 байгууллагын 136 үйлчилгээг нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхэлж байсан уг платформ өнөөдөр хоёр сая орчим хэрэглэгчтэй болж, 1263 үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж эхлээд байна.

E-Mongolia дөрвөн удаа шинэчлэгдсэн бөгөөд цаашид төрийн байгууллагууд нэгдсэн цахим шуудангаар хоорондоо харилцдаг болох, төр иргэн хоорондоо мэдээлэл солилцдог болох, шаардлагатай мэдээллийг иргэн өөрийн цахим хаягнаас татаж авдаг байх, банкны салингад төлбөрийн системүүд хоорондоо солилцдог болох чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай сүүлд уялдуулсан нь ч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх давхар зорилготой байжээ.

Е-Mongolia төслөөс гадна shilen.gov.mn цахим хуудсыг нээж, төрийн байгууллагуудын худалдан авалт, сангуудын зарцуулалтыг ил тод болгож, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагын 970,355 мэдээллийг ил болгож, зарим мэдээлэл нь жагсаалтын түвшинд, зарим мэдээлэл нь УИХ-д нээлттэй сонсголын хэлбэрээр зохион байгуулагдах түвшинд очсон. Энэ нь тухайн үед нийгмийг бухимдуулсан ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашдын алдааг засах, мөн 2023 онд Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих хөрсийг бүрдүүлсэн гэж үзэж болно.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу хоёр жил долоон сарын хугацаанд уг хуульд байнга нээлттэй байхаар заасан таван чиглэлийн 68 төрлийн мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс”-ийн үнэлгээ хийхэд, мэдээлэл хариуцагч 564 байгууллагын дундаж үзүүлэлт 67 хувьтай гарсан байна.

Л.Оюун-Эрдэнэ: Хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон эдийн засгийг дэмжинэ -Монгол Улс ирэх жилүүдэд уламжлалт эдийн засгаа 41 их наядаас 132 их наяд хүртэл тэлнэ. Цаашид түүнээс илүү тэлэхийн тулд гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай. Үүнийг “Шинэ эдийн засаг-Шинэ шилжилт 2.0” гэж нэрлэж байгаа юм.  Гурван шилжилтэд нэгдүгээрт, AI болон өндөр технологийн шилжилт, хоёрдугаарт, ногоон шилжилт.  Нүүрсийг боловсруулах болон нүүдлийн мал аж ахуйн инновац энд багтана.  Гуравдугаарт, HR буюу хүний нөөцийн шилжилт багтаж байна.  Шинэ эдийн засгийг дэмжихийн тулд бид 2025 оны төсөвт хатуу дэд бүтэцдээ томоохон хөрөнгө оруулалтыг тусгасан бол 2026 оноос зөөлөн дэд бүтэцдээ илүү анхаарна. “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэлээс

Шинжлэх ухаан, өндөр технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн тав, цаашлаад зургадугаар хувьсгалтай хөл нийлүүлэн алхах ёстой. Шинэ эдийн засгийн бүтэцтэй болохын тулд  Монгол Улс дараах гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Үүнд,

Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт:

o   Их өгөгдөлд суурилсан төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин

o   Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэх

o   Төрийн бүтээмж, гүйцэтгэл, үнэлгээний уялдаа холбоо

o   Төрийн үйлчилгээний оновчтой, хүртээмжтэй байдал сайжрах

Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилт:

o   Цэвэр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний шилжилт

o   Цахилгаан автомашины хэрэглээний шилжилт 

o   Ногоон байгууламжийн стандарт, орчны бохирдлыг бууруулах

o   Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээр, усны нөөцийн асуудал

Гуравдугаарт, Хүний нөөцийн шилжилт:

o   Боловсролын салбар хөдөлмөрийн зах зээлийн уялдаа

o   Нийгмийн даатгал, татварын орчин, орон сууц, Баялгийн сангийн уялдаа холбоо

o   Хөдөлмөрийн үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хүрээ” амаржих газрын хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх...

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан болж...

Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан болов....

Дуучин Б.Баярцэцэг: Андреа Бочеллитэй Монголынхоо тайзнаа хамтран дуулна

Тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа...