Friday, December 27, 2024

Хөрөнгө оруулалтын гэрээнүүд парламентын хаалга тогшлоо

Date:

Эдийн засаг дахь түгжээ мултрав

Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна. Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч буй нь удаах сайн мэдээ. Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрчээ.

Энэ рекорд цаашид дахин эвдэгдэнэ. Тодруулбал, наанадаж 50 хувиар нэмэгдэж, жилд 120 сая тонн нүүрс экспортолдог болно. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж дууссанаар ийм түвшинд хүрнэ. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн хоёрынх нь хөрөнгө оруулалтын гэрээг ирэх лхагва гаригт УИХ-д өргөн барихаар тогтжээ. Энэ нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ. Ерөнхий сайдын онцолсончлон урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан төслүүд хөдөлж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм. 

Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл гараанаас гарна гэдэг бол эдийн засаг дахь маш том түгжээ тайлагдаж байгаа гэсэн үг. Монгол Улс Замын-Үүдийн дараа хоёр дахь том экспортын төмөр замын гарцтай болно. Нүүрсний экспорт гурав дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2-2.5 дахин буурч, 700 тэрбум ам.доллар хэмнэнэ. Улсын төсөвт төвлөрүүлэх орлого одоо байгаагаас 60-70 хувь нэмэгдэх боломжтой гэж тооцжээ.

”Бадрах энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ мөн л эдийн засгийн ач холбогдол асар өндөр. Ач холбогдол, цар хүрээгээрээ “Оюутолгой” төсөлтэй дүйнэ. Оюутолгойн дараа гуравдагч оронтой хийж байгаа хоёр дахь том хөрөнгө оруулалт. “Бадрах энериж” ХХК-ийн 66 хувийг Францын “Орано” групп, 34 хувийг “МонАтом” компани эзэмшдэг. “Бадрах энержи” 1997 оноос ураны хайгуулын лиценз эзэмшин, 2006 онд Дулаан уул, 2010 онд Зөөвч овоо ордыг илрүүлж, эдгээр орддоо олборлолт, үйлдвэрлэл явуулахад бэлэн болоод байгаа. Хэрвээ энэ төсөл хэрэгжиж эхэлбэл дөрвөн жилийн дотор үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулна. Ингэснээр жилд 131 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсад 95.5 сая ам.доллар буюу гурван тэрбум төгрөгийн татвар төлнө, 800 ажлын байр шинээр бий болно гээд олон үр өгөөж бий.

Ийм чухал ач холбогдолтой хоёр мега төслийн хөрөнгө оруулалтын гэрээг парламентад өргөн барьж хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа нь хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн эхний 100 хоногийн хамгийн том үр дүн юм.

Мега төслүүдэд, ер нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, стратегийн ач холбогдолтой аливаа төсөл дээр улс төржин гацааж, зогсоодог, гажуудуулж буруутуулдаг гашуун сургамж бидэнд бий. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү болж байгаа. Тиймээс дээр дурдсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулалтын гэрээ нь батлагдах гэж байна.

Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт бий болсон. Одоогоор Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн бол Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа аж. Энэ нь иргэн бүр 135 мянган төгрөгийн нэрийн хадгаламжтай болсон гэсэн үг. Уг мөнгөө Е-Mongolia платформоор дамжуулан хянаж, бэлэн бусаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой болжээ.

Мега төслийн үр өгөөж гега, терра-гаар хэмжигдэнэ

Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж тооцсон байна. Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрджээ. Хөгжлийн банк Эксим банк болсон. Энэ бол экспортыг дэмжих дэд бүтэц бий боллоо гэсэн үг. Экспортын чиглэлд ажиллах банк буюу Эксим банк, даатгалын тогтолцоо бүрдсэнээр хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч үндэстэн болох эхлэл тавигдана. Экспортоо дэмждэг аль ч улс оронд Эксим буюу экспорт, импортын банк ажилладаг, төр нь бодлогоор дэмждэг.

Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байгаа. Үүнээс эхний ээлжинд 135 мянган төгрөг иргэдийн дансанд шилжиж эхэлсэн. Засгийн газар 100 дахь хоног дээрээ ийнхүү 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилсан нь энэ жилийн гурав дахь тохиолдол болж байна. Энэ бол монгол хүн баялагтаа эзэн болж эхэлсний илрэл. Ногдол ашгийг цаашид байнга бэлэн мөнгө хэлбэрээр тараах уу, үр ашигтай бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах уу гэдэг асуулт гарна. Мэдээж хувьцаа эзэмшигчид үүнийг шийднэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн бүр ийм эрх эдэлнэ. Мега төслийн үр өгөөж гега, террагаар  хэмжигддэгийн жишээ энэ юм.    

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гуравдагч талын оролцоогүйгээр, гурван асуудлыг цогцоор нь шийднэ

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийнхөө эхний хоёрыг нь хөдөлгөхөд бэлэн...

Утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол 2025 оны хоёрдугаар сарын 03,04-нд болно

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж...

Эв нэгдэл, тусгаар тогтнолын утга учрыг дээдэлсэн уриалга гаргалаа

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ....