УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хоёр дахь удаагаа хэлэлцэн өнөөдөр эцэслэн батлав. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.4 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81.8 хувь тус тус дэмжин баталжээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсан тул үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79,1 хувийн дэмжсэнээр баталсан байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг танилцуулъя. Үүнд,
-Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор тухайн байгууллагуудын урсгал зардлыг нийт 40.1 тэрбум төгрөгөөр,
-Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3.0 тэрбум төгрөгөөр
-Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл сурталчилгааны зардлыг 9.0 тэрбум төгрөгөөр,
-Бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр,
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусгагдсан Архидан согтууралттай тэмцэх сангийн санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөгөөр
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад тусгагдсан Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Ингэснээр төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Эдгээр зардлын эх үүсвэрээр,
-Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17.0 тэрбум төгрөг,
-Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал 6.9 тэрбум төгрөг,
-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг,
-Цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10.0 тэрбум төгрөг,
-ХСҮТ-ийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг,
-Эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төсвийн төсөлд нэмж тусгасан байна.