Дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг сурталчлах өдөрлөгийн талаар Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын бакалаврын хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ж.Болормаатай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дотоод хэргийн их сургууль нь сургалтын хэчнээн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг вэ?
-Дотоод хэргийн их сургууль 1934 онд байгуулагдсанаас хойш үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тухайлбал, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагуудад 60 гаруй мянган мэргэжилтэн, албан хаагч, хүний нөөцийг бэлтгэсэн байдаг.
Одоо Дотоод хэргийн их сургууль нь Удирдлагын академи, Ахисан түвшний боловсролын сургууль, Цагдаагийн сургууль буюу Дотоодын цэргийн 804 дүгээр анги, Хилийн албаны сургууль буюу Хилийн цэргийн 0345 дугаар анги, Онцгой байдлын сургууль буюу Гал түймэр унтраах аврах клиник сургалтын 083 дугаар анги, Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлах ухааны сургууль, Гадаад хэлний институт, Биеийн тамир, албаны бэлтгэлийн институт, харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль, Ахлах сургууль гэсэн бүрэлдэхүүн болон харьяа 12 сургууль, бусад албадын дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
-Дотоод хэргийн их сургуулиас хэрэгжүүлж буй дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн мэргэшүүлэх бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг сурталчлах өдөрлөгийг төрийн өмчийн их сургуулиудад зохион байгуулсан. Энэ үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө үү?
-Нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засаг, техник, технологийн хөгжил, захиалагч байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлэн сургах хэрэгцээ, шаардлагын хүрээнд Дотоод хэргийн их сургууль дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн сургалтын хөтөлбөрүүдээ сурталчлах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Монгол Улсын төрийн өмчийн их сургуулиудад (АШУҮИС, ХААИС, МУИС, МУБИС, ШУТИС) 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 27-ны өдрүүдэд “Хөтөлбөр сурталчлах өдөрлөг-уулзалт”-ыг зохион байгуулсан.
Манай их сургууль нь дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн сургалтын хөтөлбөрүүдийг 2017-2018 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөр сурталчлах өдөрлөг, уулзалтыг төрийн өмчийн их сургуулиудын төгсөх түвшний оюутнуудыг хамруулан зохион байгуулж, хөтөлбөрийнхөө танилцуулгыг хийхийн зэрэгцээ захиалагч 5 байгууллагын (ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ШШЕГ, ОБЕГ) алба хаагчид салбарын онцлог болон оюутан залууст хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг хүргэж ажилласан юм.
Өдөрлөгийн үеэр сургалтын хэрэглэгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэн гаргасан, Үзэсгэлэнгийн хүрээнд хөтөлбөр хариуцан хэрэгжүүлэгч ДХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд тус тусынхаа дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн бакалаврын хөтөлбөрөө танилцуулж, QR кодтой, зурагт хуудас бүхий танилцуулгыг 5000 гаруй оюутнуудад тарааж, сургалтад ашиглаж буй сургалтын хэрэглэгдэхүүнээ биетээр үзүүлж танилцуулахын зэрэгцээ захиалагч байгууллагууд салбарын онцлогоо сурталчлан таниулах зорилгоор тухайн байгууллагын алба, үйл ажиллагаанд ашиглаж буй хувцас, зэвсэг, техник хэрэгслээ танилцуулж, оюутан залуучуудын сонирхсон асуултад хариулт өгсөн. Оюутнууд сургалтын хэрэглэгдэхүүнийг нэлээдгүй сонирхож байснаас гадна захиалагч байгууллагаас танилцуулсан аминд үл хүрэх зэвсэг, албанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, тодорхой төрлийн гэмт хэрэг илрүүлэхэд ашиглагддаг цүнхний иж бүрдлүүдийг ихээхэн сонирхож, тухайн хөтөлбөрт элсэхэд тавигдах шалгуур шаардлагыг лавлаж, асууж байлаа.
Элсэлтийн үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн мэргэшүүлэх бакалаврын хөтөлбөрийг сонирхон элсэхийг хүссэн оюутнуудын товч мэдээллийг авч бүртгэсэн. Нийт 500 гаруй оюутан бүртгүүлсэн.
-Өдөрлөгийн үеэр энэхүү хөтөлбөрийг сонирхож 500 гаруй оюутан бүртгүүлсэн гэхээр нэлээд эрэлт ихтэй хөтөлбөр байх нь ээ?
-Өдөрлөгийн үйл ажиллагааг тухай бүрд нь Дотоод хэргийн их сургуулийн албан ёсны цахим хуудсаар дамжуулж олон нийтэд хүргэсэн. Тус мэдээллийг 100 гаруй мянган хүн үзэж, хуваалцан сэтгэгдэл бичиж үлдээсэн байсан. Хөтөлбөр сурталчлах өдөрлөг зохион байгуулсан нь олон нийтэд сайн хүрч, дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн хөтөлбөрүүдийг сонирхсон, асууж лавласан иргэд, оюутнуудын утасны дуудлага үргэлжилсээр байна даа.
-Дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн бакалаврын хөтөлбөрийн талаар товч танилцуулбал?
-Дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн хөтөлбөрт суралцагч нэгдүгээр дамжаандаа мэргэжлийн суурь 10-12 төрлийн, сонгон судлах 1-2 төрлийн нийт 36-38 багц цагийн хичээлийг хоёр улирал буюу 32 долоо хоногт үзэж судлаад 6 долоо хоногийн 3 багц цагийн дадлага хийнэ. Харин 2 дугаар дамжаандаа мэргэжлийн заавал судлах 12 төрлийн 36 багц цагийн хичээлийг судалж, найман долоо хоногийн 6 багц цагийн үйлдвэрлэлийн дадлагыг хийж, төгсөлтийн шалгалтыг амжилттай өгч төгссөнөөр захиалагч байгууллагын офицерын бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой.
Энэхүү хөтөлбөрт элсэгчдэд дараах нийтлэг шаардлага тавигддаг. Үүнд:
– Бакалаврын зэрэгтэй байх
– Сэтгэцийн хувьд эрүүл, бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн хувьд илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй, бие бялдрын зөв хөгжилтэй шивээсгүй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй
– Биеийн өндөр эрэгтэй 165 см, эмэгтэй 160 см-ээс багагүй
– 25 хүртэл настай
– Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаагүй
– Жолооны А, В ангиллын үнэмлэхтэй, /үгүй бол суралцсанаас хойш 2 жилийн дотор үнэмлэхтэй болох зэрэг шаардлагууд.
Мөн элсэгчид дараах тусгай шаардлага тавигдана. Энэ нь дипломын голч оноо 2.5-аас дээш байх болон тухайн чиглэлд хамаарах хөтөлбөрөөр бакалаврын боловсрол эзэмшсэн байх: тухайлбал Цагдаа судлал хөтөлбөрт элсэгч нь эрх зүй, эдийн засаг, сэтгэл судлал, нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, хөдөө, аж ахуй, мал эмнэл зүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалах, боловсрол гэх мэт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл хөтөлбөрт элсэгч нь: нягтлан бодогч, менежер, инженер, хүний их эмч, орчуулагч, банкны менежмент, багш дасгалжуулагч … гэх мэт.
Уг хөтөлбөрийг дүүргэснээр нарийн мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшихээс гадна суралцагч, төгсөгчид дараах давуу талыг олгодог. Үүнд:
• Дотоод хэргийн их сургуульд сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцно,
• Сургалтын болон дүрэмт хувцасны зардлыг төрөөс хариуцна,,
• Суралцах хугацаанд цолны цалин авна,
• Цэргийн алба хаасанд тооцно,
• Суралцах хугацаанд нийгмийн даатгалыг төр бүрэн хариуцна,
• Богино хугацаанд суралцан төгсөх боломжтой,
• Бие бялдар, сэтгэл зүйн зохих бэлтгэлжилттэй болно.
• Төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдана.
• Суралцаж төгссөн сонсогч бүр төрийн тусгай албанд томилогдож, захиалагч байгууллагад офицер бүрэлдэхүүнд орж зохих ажлын байраар хангагдана.
• Тусгай мэргэжлийн мэдлэгийн хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой.
• Захиалагч байгууллагын онцлогоос хамаарч өөр өөр тогтоосон байдаг.
• Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан захиалагч байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутамд тухайлбал, цагдаа блон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нэг удаа 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний, улсын хил дээр ажиллавал бүсчлэлээс хамаарч сар бүр 15-50 хувь хүртэлх цалингийн урамшуулал авна.
• Суралцсан болон ажилласан хугацааг мөн захиалагч байгууллагын онцлогоос хамаарч тухайлбал, цагдаагийн байгууллагад ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, улсын хил дээр ажилласан 1 жил тутам 1.4 жилээр тус тус тооцдог зэрэг маш олон давуу талуудтай.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
“Сонсогч-Сурвалжлагч” клуб