Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ЖАЙКА-ийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн Газрын даргаар шинээр томилогдон ирсэн Мияаги Кэнсүкэ болон томилолтын хугацаа өндөрлөж буй дарга Танака Шин-Ичи нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Япон Улсаас Монгол Улсад чиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж байгаа бөгөөд Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага нь манай зам тээврийн салбарт бүс нутаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн олон чухал хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж ирсэнд талархал илэрхийллээ.
Тэр дундаа агаарын тээврийн салбарт “Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих” төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь Монгол Улсын хөгжил, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын том ажил болсныг онцлон тэмдэглэв.
Талууд хамтын ажиллагааны хүрээнд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, судалгааны ажлын талаар санал солилцож, цаашид агаарын тээвэр, автозам, төмөр замын чиглэлд хамтран хэрэгжүүлэх боломжтой бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярилцлаа.