2024 оны наймдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Энэтхэг улсын Банглор хотноо таеквондогийн Азийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн болжээ. Азийн 13 орны баг, тамирчид хурд, хүч, тэсвэр хатуужлаа сорьсон уг тэмцээнд Монгол Улсаас таэквондогийн “Чоно” клубийн зургаан тамирчин хүүхэд амжилттай оролцож, таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай эх орондоо ирсэн байна. Таэквондогийн “Чоно” клубийн тамирчин П.Өлзийбаяр, М.Эрхэс, М.Тэнгис, Э.Тамир нартай ярилцлаа.
П.Өлзийбаяр: Таэквондогоор хичээллэснээр өөрийгөө ялж сурдаг
-Таэквондогоор хэдэн жил хичээллэж байна вэ. Саяын Азийн аваргад ямар амжилттай оролцов?
-Миний хувьд таэквондогоор хичээллээд найман жил болж байна. Саяын тэмцээнд 14-15 насны тулааны 60 кг, сүүдэр тулааны хар бүс, нэгдүгээр дангийн төрөлд тус тус хүрэл медаль хүртсэн.
–Өрсөлдөгчид хаанахын тамирчид байв?
-Өрсөлдөгчдийн хувьд Казахстаны хүүхдүүд нэлээд сайн байсан. Манай “Чоно” клубийн захирал Д.Мягмарсүрэн, ерөнхий дасгалжуулагч С.Баттулга нар бидэнд айдсаа дарж байх ёстой гэж сургадаг. Ер нь дэвжээн дээр гарахад бага зэрэг айдас байдаг. Сая Азийн аваргад багшийнхаа энэ үгийг санаж, айдсаа даван туулахыг хичээсэн.
-Таэквондогоор хичээллэхийн давуу тал юу вэ?
-Таэквондогоор хичээллэснээр бие бялдрын хөгжил сайжирна. Найз нөхдийн хүрээлэл өргөжнө. Гар утсаар оролдох нь багасна. Хүн өөрийгөө ялж сурдаг. Долоо хоногт таван удаа, өдрийн хоёр цагаар хичээллэдэг.
-Хичээлээс гадуур, чөлөөт цагаа тун завгүй өнгөрүүлдэг юм байна даа?
-Тийм. Хичээл сургуультайгаа зохицуулна. Цагийн хуваариа маш сайн гаргадаг. Өглөө хичээлдээ яваад үдээс хойш нь таэквондодоо явдаг.
М.Эрхэс: 2025 онд Италид болох ДАШТ-д оролцох зорилго тавьсан
-Манай “Чоно” клуб 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр 29 алт авч 1-р байранд шалгарсан. С.Баттулга багш маань 2024 оны “Шилдэг дасгалжуулагч” болсон бол би энэ жил “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар шалгарсан.
Сая болсон 10 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тулааны төрөлд алтан медаль авсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч Казахстаны хүүхдүүд байсан. Казахастаны тамирчныг ялаад алтын төлөө Монголынхоо тамирчинтай тулалдсан. Сая Энэтхэгт болсон ААШТ энэ жил миний оролцсон хоёр дахь олон улсын тэмцээн байлаа. Өмнө нь ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд болсон тэмцээнд оролцсон.
Миний хувьд таэквондогоор 2019 оноос хичээллэж эхэлсэн. Улсын аваргад гурван удаа оролцохдоо нийт 5 алт, 2 мөнгө, нэг хүрэл медаль авсан. Цаашид 2025 онд Италид болох ДАШТ оролцох зорилго тавиад бэлтгэлдээ ороод байгаа. Манай клуб 29 дэх удаагийн улсын аваргаас 19 алтан медаль хүртсэн. Энэ ташрамд С.Баттулга багшдаа баярлалаа гэж хэлье. Багшийнхаа итгэлийг алдахгүйн тулд бид хичээх болно оо.
М.Тэнгис: Анхны олон улсын тэмцээнээсээ алт, хүрэл медаль хүртсэндээ баяртай байна
-Сая би 11-13 насны ангилалд 40 кг жинд тулаанаар алт, сүүдэр тулаанаар хүрэл медаль хүртлээ. Анхны олон улсын тэмцээнээсээ хос медаль хүртсэндээ баяртай байна. Алтын төлөө тоглохдоо жаахан сандарсан. Эхний нэг раунд үзээд хоёр дахь раундаас гайгүй болсон. Би 180 өшиглөлт хийдэггүй сул талтай. Тиймээс үүндээ жаахан айдастай байсан. С.Баттулга багш маань бидэнд тэсвэр тэвчээртэй байх, айдсаа дарах талаар байнга заадаг. Өрсөлдөгч маань Казахстаны хүүхэд байсан. Би түүнийг оноогоор ялсан.
Таэквтндогоор есөн жил хичээллэж байгаа. Тулааны спортоор хичээллэх сонголтыг би өөрөө гаргасан. Миний аав Д.Мягмарсүрэн “Чоно” клубын захирлын үүргийг гүйцэтгэдэг, харин ах М.Эрхэс бид хоёр ерөнхий дасгалжуулагч С.Баттулга багшийн бэлтгэлд хамрагддаг. Энэ ташрамд багшдаа баярлалаа гэж хэлье. Амжилтын хувьд энэ жил улсын аваргаас тулаан, сүүдэр тулаанаар хоёр алтан медаль авсан. 2023 онд улсын аваргын шилдэг тамирчин болж байсан.
Э.Тамир: Улсын аваргаас жил дараалан хос алтан медаль хүртсэн
-Би 13 настай. Таэквондогоор гурван жил хичээллэж байна. Сая Азийн аваргаас сүүдэр тулаанаар алт, тулаанаар мөнгөн медаль хүртсэн. Казахстаны тамирчинтай таарсан. Их сандарсан. Эхний үед тэнцээд тэгээд гурван раунд үзсэн. Алтын төлөө Киргизийн тамирчинтай таараад ялагдаж мөнгө дээр буусан. Алт авах боломж байсан. Дандаа хөөж явсаар байгаад алдаа гаргасан. Уг нь дутах юм бол байсангүй.
Улсын аваргаас 2023 онд хоёр алт, энэ онд мөн хоёр алтан медаль хүртсэн.