Sunday, November 24, 2024

Монгол, Орос хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Date:

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр ОХУ-ын Тээврийн дэд сайд Шило Алексей Николаевичтой цахим хурал хийж, Монгол, Орос хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь ажлаар өргөн хүрээтэй санал солилцож, зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй зарим асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай гарц гаргалгааг хэлэлцлээ. 

Хуралд ОХУ-ын Төмөр замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын газрын хэлтсийн орлогч дарга Руслан Алшир Оглы, “Оросын төмөр замууд” НХН-ийн Гадаад төсөл, олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Андрей Владимирович, “Оросын төмөр замууд” НХН-ийн Гадаад төсөл, олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Михайлюк Игорь Владимирович Тимофеева, Олон улсын хамтын ажиллагааны газрын Хоёр талын хамтын ажиллагааны газрын дэд дарга Мария Сергеевна нар оролцлоо.

Хурлын эхэнд ОХУ-ын Тээврийн дэд сайд Шило Алексей Николаевич төмөр замын салбар дахь эдийн засгийн үзүүлэлт, дүн мэдээлэл, мөн төрөөс баримталж буй бодлогын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол илэрхийлэл болсон “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх тухай болон төмөр замын салбарт тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцсэн гэдгийг дурдлаа.

Мөн “Улаанбаатар Төмөр зам” ХНН энэ онд 75 жилийнхээ ой тохиож байгаа бөгөөд ойг угтан Оросын талаас Япон улсын зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн хувь нийлүүлэгч Оросын талаас таван ширхэг шинэ илчит тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өгсөн гэдгийг хэллээ.

Төмөр замын салбарт хоёр улсыг дамжин өнгөрөх ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа ч өмнөх жилүүдийнх шиг алдагдалтай ажилласан хэвээрээ байгааг тодотгож байлаа. Энэхүү алдагдлыг нөхөхын тулд дэлхийн олон оронд хэрэгжүүлдэг татаас олгох механизмыг Монголын тал судалж үзэх саналыг хэлж байв.  

Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр эдийн засгийн коридор (ЭЗК) байгуулах хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ хүрээнд гурван талт уулзалтыг хийж, ТЭЗҮ танилцуулах ажлыг хэлэлцэнэ. Мөн 2030 он гэхэд Улаанбаатар төмөр зам ХНН 50 сая тонн ачаа тээвэрлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн өсөлтийг дэмжих, алдагдлыг нөхөх, төмөр замын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, ойрын хугацаанд хэлэлцэх шаардлагатай байгааг тодотгож байлаа.  

Талууд энэхүү хурлаар Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаанаар хэлэлцсэн тээврийн салбар дахь зарим асуудал, түүний хэрэгжилт болон биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хоёр улсын тээврийн салбарт хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай зарим ажлуудын талаар санал солилцлоо.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын дийлэнх ажлууд нь биелсэн болон биелэх шатандаа явж байгаад  баяртай байна.

“УБТЗ” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,8 хувь, ОХУ-аас БНХАУ-руу явж буй дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 12 хувиар тус тус өссөн” гэдгийг дурдлаа.  Мөн“УБТЗ” ХНН-ийн 2024 оны төлөвлөгөөнд тусгасан болон хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцууллаа. Цаашид авто тээвэр, иргэний нисэхийн чиглэлээр хамтран хийх ажлуудад анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.

Уулзалтын төгсгөлд энэ удаагийн хурлаас гарсан шийдвэрүүд нь манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...