БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлыг Сөүл хотноо зохион байгуулж байна.
Тус хурал нь дэлхийн улс орнууд дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж худалдаа, тээвэрт үүсч буй саад бэрхшээлийг арилгах, тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлэх замаар улс орнуудын улс төр, эдийн засаг нийгмийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр хэлэлцэж байна.
Хуралд дэлхийн 20 гаруй орны тээврийн сайд, дэд сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Манай улсаас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Хуралдаанд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглан Ази Европыг холбосон тээврийн транзит орон болохоор зорьж байгаа тухай болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих тээвэрлэлт нь эдийн засгийн зардал хэмнэсэн, тээврийн үр ашигтай коридорууд болох талаар мэдээллээ.
Мөн Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй, төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар сэргээн баригдах “Шинэ Хархорум” хотын олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар-Хархорин хот чиглэлийн авто зам, төмөр зам барих болон бусад зам, тээврийн суурь дэд бүтцийг байгуулах төслүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Дэд сайд Kim Sang-moon нар Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах хүрээнд 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийг эхлүүлэхээр протколд гарын үсэг зурсан нь уг арга хэмжээний онцлох үйл явдлын нэг байлаа.