Friday, November 22, 2024

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Монгол Улсын хөгжилд төмөр замын салбар онцгой үүрэгтэй

Date:

Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 86 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан мэндчилгээ дэвшүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөр, чин сэтгэлээ зориулан ажилласан үе үеийн ган замчид, тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт гадаад дотоодын зочид төлөөлөгчид, ноёд хадагтай нараа,  сэтгэл, зорилго, зүтгэл нэгт төмөр замчид аа! Эх орны маань нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болсон төмөр замын салбар үүссэнээс хойш өдгөө 86 жилийн түүхийг бүтээжээ.  Энэхүү түүхтэй салшгүй холбоотой “Улаанбаатар төмөр зам” хэмээх энэ их айл 1949 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баяр тохиож байна.

Энэхүү баярын халуун мэндийг үе үеийн нийт ган замчиддаа хүргэж, Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!Тэмээн жингийн цуваа хөвөрч байсан тэр жимээр ган зам зурайж, галт тэрэг буухиалан хурдалж, Монгол Улсыг аж үйлдвэржсэн шинэ цагийн улс орон болон хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн манай тээврийн салбарын ууган байгууллагуудын нэг бол “Улаанбаатар төмөр зам” юм аа.

Өдгөө хөрш хоёр орноос гадна, тив хооронд, дэлхий дахинд ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж, жилд 35 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, гол замын урт 1950 километр, 2560 километр урт төмөр замын дэд бүтэцтэй, 16 мянга гаруй ажилтан, албан хаагчидтай их айл болон хөгжсөн байна.

Түүхэн энэ 75 жилийн хугацаанд “Улаанбаатар төмөр зам” нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан төр засгаас өгсөн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, тээвэрлэлтийн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн нь өнөөдрийн Монгол Улсын хөгжил дэвшил болон төмөр замын салбарын хөгжилтэй салшгүй холбоотой гэдгийг бахархалтайгаар дурдах нь зүйтэй.

Улаанбаатар төмөр зам нь Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болоод зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал коридор, хамгийн үр ашигтай чиглэл болон хөгжих ирээдүй байна. Нэг талд нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, нөгөө талд дэлхийн томоохон экспортлогч улсуудыг холбон оршиж байгаагийн хувьд бид газар зүйн байршлын давуу талаа ашиглан транзит улс болон хөгжих боломж бидэнд байна. 

Цаашид “Улаанбаатар төмөр зам” өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор компанийн бүтэц, бүрэлдэхүүн, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг орчин үеийн арга барил, зөв менежмент, бизнесийн байгууллагын үндсэн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, тээврийн тарифыг өсгөж, орлого нэмэгдүүлдэг замаар бус, харин үйл ажиллагаандаа орчин үеийн ухаалаг тээврийн систем, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүний үр дүнд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ашиглалтын зардал хамгийн бага түвшинд хүрч, зардал буурах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжих юм. Энэхүү зарчмаар ажиллаж, Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болоод зогсохгүй бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал бөгөөд хамгийн үр ашигтай коридор болон хөгжүүлэхийн тулд хоёр дахь гол замыг илүү дөт, илүү шулуун,  ашиглалтын зардал хамгийн бага байхаар төлөвлөж, Монгол Улсын анхны цахилгаанжсан төмөр замын шугамын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх цаг хугацааны мөчлөгт бид ирсэн байна.

Иймээс улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч нь болж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн  удирдлага, ажилтан, албан хаагч та бүхэн энэхүү боломжийг алдалгүй их бүтээн байгуулалтыг цогцлоон хөгжүүлэхийн төлөө оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа улам бүр бататгаж,  гэрэлт ирээдүй рүү хамтдаа алхахыг хүсэж байна.

“Улаанбаатар төмөр зам”-тай ажил амьдралаараа холбогдсон үе үеийн нийт төмөр замчид та бүхний ажил үйлс нь үргэлж өөдөө дэвжиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...