Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бүхэн галтай. Тэр галыг нүцгэн гараар атгаад авах зоригтой хүн ховор. Тиймээс өнгөрсөн 34 жил хотын асуудлууд ужгирч, бугшсаар өнөөг хүрчээ. Утаа нь хоолой боож, түгжрэл нь хамар дээр тулахад олигтой гарц, шийдэлгүй л суусан. Харин сүүлийн хоёр жилд нийслэлийн асуудлыг Засгийн газрын түвшинд тавьж, зоримог шийдэл, шийдвэр гаргаж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэг манлайлал юм. Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг зарласныхаа дараахан дунд шатанд байгаа авлигын асуудлыг цэгцэлнэ, нийслэлд 5Ш ажиллагааг эрчимжүүлнэ гэж зарласнаас эхлээд хотын газар олголтоос эхлээд олон ужгирсан асуудал ил болсон.
Засгийн газраас дэвшүүлсэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх судалгааг хийж, суурьшлын гол гол бүсүүдэд Ерөнхий сайд өөрөө биечлэн очиж нөхцөл байдалтай танилцан, иргэд, оршин суугчдын санал бодлыг сонссон. Үүндээ тулгуурлан “Хотын сэргэлт”, “20 минутын хот” концепцыг боловсруулан бодлогын баримт бичиг болгон батлуулаад байгаа. Мөн хэд хэдэн гол хуулийг шинэчлэн найруулж батлуулснаар нийслэл хотын эрх зүйн байдлыг сайжруулсан.
Үүн дээр хамгийн таатай мэдээ нь манай улс цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгаа хөл дээр нь босгосон нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын мега төслүүд хэрэгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж байгаа аж. Тиймээс Засгийн газрын түвшинд ирэх 2025 он гэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнээс гадна нийслэл Улаанбаатар хотод Туул голын хурдны зам, Богд уулыг нүхлэн туннель гаргаж хотын төвийг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай холбох, нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд метро, LRT, BRT нэвтгүүлэх гэх мэт мега төслүүд хэрэгжихээр болж байна.
Өнгөрсөн 30 жилд нийслэл хотод 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг аж. Тэгвэл ирэх дөрвөн жилд дээрхээс гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Тиймээс хотын сэргэлт, “Шинэ Улаанбаатар”, “20 минутын хот” концепц бол дэд бүтцийн реформ ч мөн, энэ Засгийн газрын хамгийн том мега төсөл ч мөн.