Thursday, November 21, 2024

“Элегия хязгааргүй” буюу Ломбын Нямаа багшийг дурсахуй

Date:

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа агсны “Элегия хязгааргүй” яруу найргийн номын нээлт, хүндэтгэлийн ёслол өнөөдөр болж байна. Найрагчийн шавь нар багшийнхаа гэгээн дурсгалд зориулан шүлгийн түүврийг нь хэвлэн гаргажээ. Өрнө дахинд элегия хэмээн нэрлэдэг гүн ухааны бодол, эргэцүүлэл, бясалгал, ухаарал, сэтгэл хөдлөлийн өнгө аяс бүхий өвөрмөц шүлгийн төрлөөр дагнан бичсэнээрээ  уг ном онцлог юм. Номын өмнөтгөл үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй, яруу найрагч Батжаргалын Одгэрэл нар бичжээ.

Жигжидсүрэнгийн Нэргүй гүүш өмнөтгөлдөө “…Элегия гэдгийг бичих нь Нямаа ахад үзэг нь хугартал хэцүү байдаг байжээ. Хамгийн хэцүүг бичиж байж л хамгийн сайн найрагч болно. Шүлэг гэдэг угаасаа л зүрхний нулимс ч мөн, зүрхний хилэн ч мөн болой. Нямаа багш ийм мөрүүдийг бичин үлдээж чадсанаараа нэгэн үеийн анд Чойном, Нямдорж хоёрыгоо ч амьдралын гүн ухааны сэтгэлгээгээрээ давчихаж гэвэл алдас болохгүй байх. Арай л илүү гүн байгаа биз? Тэр ч бүү хэл, ная шүргэсэн насандаа ийм үнэн, ийм хатуу, ийм гашуун үгстэй шүлгийн номоо хэнээс ч айлгүй боогоод тавьчихсанаараа Нямаа ах маань одоо цагийн Монголын яруу найрагч нарын толгой дээр цахиур хагалчихаад оджээ гэсэн үг” хэмээсэн бол 1990-ээд оны өвөрмөц содон яруу найрагч Батжаргалын Одгэрэл “Түүний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж “жаргадаг”. Энэ номд амьсгаа, хүнд чулуу мэт дарамт нь төрөлх бие цогцос нь болтол шингэсэн харанхуй бүрэнхий улааны үед гэрэлтэн байсаар өнгөрсөн багш нь ч, багачуул жаалуудыг бадрангуй оргилд хөтлөхөд нь замчилж өгсөн цаг цагийн гүн ухаантнууд ч тэр. Тийм боловч “жаргал” авчирдаг үхэл ч түүний хувьд гүн ухааны талх нь.

Багш минь мөнх бусын ёсыг сануулсан ч номынхоо үг бүрт “Дурсамж нь хойч үед зориулж бичсэн зүрхний бичээс юм” хэмээн хэлсэн шигээ мөнхрөх ёсыг ч үзүүлж үлдлээ” гэжээ.

Номын нээлтэд Ломбын Нямаа агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь нар, зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирж эрхэм хүмүүнийг дурсан, шүлэг найргаас нь дуудсан юм. Монголын уран зохиолд бүтээл туурвилаа мөнхөлсөн долоон Нямаа бий. Тэдний нэг Соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаа амьдаагийнхаа номын нээлтэд хүндэтгэл үзүүлэн ирж, дурсамж хуваалцсан. Тэрбээр “Амьдаа минь “Улирал Зохиолч” сэтгүүлийн архивт 1962 оноос 2022 он хүртэлх хугацаанд өөрт нь зохиолч нөхөд нь бичсэн өчнөөн олон захидлыг өгсөн билээ, тэр захидлуудаас “Захидал “буланд зарим нь гарсан, цаашид ч гарна. Захидал буланд гарч буй захидлууд дандаа эх бичвэртэйгээр гардагаараа онцлог. Сэтгүүлийг минь эхнээс нь дэмжсэнд амьдаадаа би ямагт баярладаг. Шавь нартаа сэтгүүлийг минь захиалж уншаарай гэж олонтаа ятгасан байдаг. Тэр ийм л хүн билээ. Сайхан зам мөр сайхан дурсамж үлдээдэг” хэмээв.

Ломбын Нямаа агсан Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг бий болгож, уран зохиолын ертөнцөд олон арван авьяастныг хөтлөн оруулсан хүндтэй багш, эрдэмд нэвтэрсэн бичгийн хүмүүн байв. Тэрбээр сүүлийн 20 жил “Их Засаг” олон улсын их сургуульд багшилж, мянга мянган шавь бэлтгэжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын Нямаа “Миний зуун”, “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором”, “Хүн танаа буюу гүн ухааны алаг чулуу”, “Миний амьдардаг ертөнц” зэрэг яруу найраг, нийтлэл, ярилцлагын номууд хэвлүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...