Saturday, May 16, 2026

“Буриад монголчуудын нэгдсэн чуулган” амжилттай болж өндөрлөлөө

Date:

Монголын Буриадын төв холбооноос санаачлан зохион байгуулсан “Буриад монголчуудын нэгдсэн чуулган” 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд боллоо. Тус чуулганд Монгол Улсын Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотын Багануур дүүрэг болон буриадын төрийн бус байгууллагуудын төлөөлөл 270 гаруй хүн оролцов. Чуулганы үдээс өмнөх хурлыг Монголын Буриадын төв холбооны тэргүүн Д.Баттулга нээж, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын начин Галсанжамцын Пүрэв-Очир, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Намсрайн Хандам, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Цэдэндоржийн Болорбат, “Амин тоонот” НҮТББ-ын тэргүүн Баттөмөрийн Ариунбат нарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Монголын Буриадын төв холбоо, Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан, Буриад сурын холбоо, Буриад, соёл, спортын холбоо, “Сэлэнгэ мөрний буриад зон” зэрэг НҮТББ-ууд, “Ёохор хатар” хамтлаг, “Мэндэ амар буриадни” төслийн танилцуулга, ажлын тайланг сонсож, тодорхой сэдвээр илтгэл хэлэлцүүлэн буриадын өв соёл, уламжлалыг хэрхэн хөгжүүлэх арга боломжийн тухай санал бодлоо хуваалцсан юм. Чуулганы үдээс хойших хуралдаанаар Булган аймгийн төв Булган суманд 2024 оны долдугаар сарын 26-28-нд зохион байгуулах “Алтаргана-XV” наадмын тухай мэдээлэл сонсож, санал солилцов.

Нутаг нутгаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид буриадын өв уламжлал, хэл соёлыг хөгжүүлэх чиглэлээр цаашид хийх ажлын талаарх саналаа амаар болон бичгээр өгснөөс гадна хуралдааны үеэр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, буриадуудын төлөөх байгууллагууд цаашид нэгдэн ажиллах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө уялдуулж байх талд санал нэгдэв. Мөн орон нутагт Монголын буриадын төв холбооны салбар зөвлөлүүдийг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах хэрэгтэй байгаа талаар олонхын санал гарсан тул аймаг, сум, орон нутагт салбар зөвлөлийг зохион байгуулан ажиллахыг удирдлагуудад даалгав. Буриад монголчуудын эв нэгдлийг хангаж, өв соёл, уламжлалаа хөгжүүлэхийн тухайд хуралд оролцогчид чуулганаараа хэлэлцэж, зөвлөмж-уриалгыг есөн зүйлтэйгээр батлан, олон түмэнд сонордуулснаар чуулган өндөрлөсөн. Цаашид Монгол Улсын буриад монголчуудын төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд ажлын уялдаа холбоогоо хангаж, хамтран ажиллахаар болсон нь уг чуулганы бодит үр дүн боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...