Sunday, November 24, 2024

Суурь реформын суулгацууд

Date:

Авлигын хөрсөнд булсан “мина”

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дөрөв дэх жилийнхээ босгоор алхан ороод удаагүй байна. Бүрэн эрхийн хугацаагаа хагас эдэлсэн Засгийн газруудтай харьцуулахад Л.Оюун-Эрдэнийн танхим сүүлийн 20 жилд хамгийн урт настай нь болоход ойрхон байна. Өнгөрсөн гурван жилд Засгийн газар дэлхий нийтийг хамарсан цар тахлаас эхлээд улс орныг донсолгосон авлигын “тахал”-тай тэмцжээ. Эхний тахлаас эрүүл мэндээ хамгаалж чадсан бол удаах тахлыг анагааснаар эдийн засгаа эрүүлжүүлэв. Сэхээний орон дээр байсан эдийн засгийнхаа оношийг зөв тавьж, эмчилгээг нь сайн хийсэн гэсэн үг. Авлига гэдэг хорт хавдрыг тийм амархан арилгачихаагүй. Бэрхшээл их байв. Гэвч ард нь гарч чадсан. Хөгжлийн банк, Нүүрсний гэх хэргүүд, газрын наймаа, тусгай сангуудын булхай гээд авлига, албан тушаалын гэмт хэргийн олон үүр уурхайг дэлбэлсэн. Том зургаараа харвал авлигын хөрсөнд бүхэлд нь мина булсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа дөнгөж бүрдүүлчихээд “Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно” гэж хэлсэн нь ийн ажил хэрэг болжээ.
Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хилийн чанадад оргон зайлсан авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг эх орондоо албадан авчирсан, одоо ч авчрахаар ажиллаж байгаа. Тухайлбал интерполоор эрэн сурвалжлагдсан 92 хүнээс 54-ийнх нь байршлыг тогтоож, 24-ийг нь эх орондоо авчирчээ. 10 хүнийг шилжүүлэн авчрахаар Киргиз, Казахстан, Солонгос, Хятад, Серби зэрэг улсын хууль хяналтын байгууллагуудтай яриа хэлэлцээ хийж буй. Шүүр ажиллагаагаар төрийн албан дахь завхарлын зассан, Шилэн ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод байдлыг хангасан, Шилжүүлэн авах ажиллагааг явуулж гадаад улс орнуудаас Монгол Улсад 12.2 сая долларын хөрөнгийг буцаан авчирсан.
Хамгийн том ажил нь Хөгжлийн банкны, Нүүрсний гэх хоёр том хэргийн баримтыг нягтлах нээлттэй сонсголыг УИХ дээр хийж, шүүхийн байгууллагад гэм буруугийн асуудлыг нь тогтоолгохоор шилжүүлсэн явдал. Хэдэн арван их наядаар тоологдох далд эдийн засгийг ил болгосноор эдийн засаг хоёр дахин өссөн. Энэ өсөлт дараа дараагийн өөрчлөлт, шинэчлэлтийн суурь болов. Системийн авлигатай тэмцэж, тогтолцооны өөрчлөлт хийх Засгийн газрын тэргүүний зарчмын байр суурь ийнхүү бодлого, үйл ажиллагаа болон хэрэгжиж байна.

Ерөнхий сайдын түлхүүр үг: Реформ

Сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас реформ гэх үг нэлээд сонсогдох болов. Бодол санаа үг болж, үг үйлдэл болж биеждэг гэдэг нотолгоо шаардахгүй үнэнийг түүнд хамааруулж хэлэх бүрэн үндэстэй. Учир нь Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын танхимд хэлсэн үгнүүд нь өнөөдөр Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болж, бодитоор хэрэгжиж байна.
“Давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагт хийгдэхээс өөр гарцгүй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байх үед нь амжиж шийдэл гаргах учиртай” гэж хэлсэн нь тухайн үед олны анхаарлыг татсан. Давс мэт шорвог шийдвэрүүд юу байх бол гэсэн хүлээлт үүссэн. Шүүмжилж, сонжиж харах хандлага ч их байсан. Өнөөдөр эргээд харахад авлигатай тэмцэхээс эхэлсэн шорвог шийдвэрүүдийг гаргасаар ирснийг нурших нь илүүц. Идээ буглааг шахаж, өвтгөж байж, бүр зүсэж огтолж байж эдгээдэг шиг л авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцсэнийг дээр цухас боловч өгүүлсэн.
Тиймээс эдийн засгаа сэргээх чиглэлээр, тогтолцоог өөрчлөх зорилгоор Ерөнхий сайдын санаачлан хийсэн гурван гол ажлыг дурдъя. Тэрбээр “Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана” гэж хэлсэндээ хүрсэн. Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас “Туркойс Хилл Ресурсес” компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байсан нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх гэрээ байгуулж, мөн Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн. Цар тахал ид дэлгэрээд байсан үед энэ бол эдийн засагт ассан ногоон гэрэл байлаа.

“Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагын ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ” гэж яг гурван жилийн өмнө дөнгөж томилогдоод байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байв. Энэ реформыг тэр хийж чадсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулан сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах, парламент 126 гишүүнтэй байхаар хуульчилж, энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн бүсчилж томсгосон тойргоор зохион байгуулахаар болоод буй нь яах аргагүй том реформ. Үүн дээр улс төрийн намуудтай зөвшилцөж, санал нэгдсэн нь ирэх 30 жилийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын том бүрэн зураглалыг гаргасан гэсэн үг. Үүндээ тулгуурлаад Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 20 жил ярьсан цаасан мөрөөдлөөс нь салгаж, бодит хөрсөн дээр буулгах ажлыг эхлүүлэв. 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлав. Шинэ сэргэлтийн бодлогоо үүнтэй уялдуулж дэд бүтцийн “Таван тойрог” төсөл хэрэгжүүлэх, Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх, төсвийн реформ хийж хот, хөдөөгийн ялгааг арилгах зорилго тавив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэхэд оршино” гэж өнгөрсөн долоо хоногт болсон Монголын эдийн засгийн форум дээр хэлсэн.

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Уг хуулийн төсөлд мөн л парламентад суудалтай намуудтай зөвшилцөж, үндсэн концепц дээр нь байр суурь нэгдэн санамж бичиг байгуулсан. “Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгыг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгын сан байгуулна. Үндэсний баялгын сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Баялгын сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно” гэж Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын танхимд мэдэгдсэн нь ийн ажил хэрэг болж байна. Энэ бол эрдэс баялгийн салбарын нэг том реформ яах аргагүй мөн.
Дүгнээд хэлэхэд Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн үйл явцад бодитой дүгнэлт өгөхийг эрмэлзэж, 30 жилийн алдаа оноог тунгааж, ирээдүйн 30 жилийг зөв тодорхойлох нийгмийн хүсэмжлэлд зөв хариу үйлдэл үзүүлж, тогтолцооны суурь реформуудыг цаг алдалгүй хийхэд голлон анхаарчээ. Суурь реформын “суулгац”-уудыг салбар бүрт үндэслүүлж чадсан байна. Тэр бүхнийг одоо тордон ургуулах л үлдэж. Ерөнхий сайд Л-Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааг сонирхон цахим орчинд хайлт хийх юм бол “Реформ” гэсэн түлхүүр үг хэрэглэхэд л болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...