Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй,” гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар анхан шатны шүүхийн дүгнэлт нотлогдоогүй гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгожээ.
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж буй. Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж үзсэн юм.