Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн зургаан бодлогын тэргүүлэх чиглэл нь Боомтын сэргэлт. Тэгвэл Боомтын сэргэлтийн тэргүүлэх чиглэл нь төмөр замын бүтээн байгуулалт гэж хэлж болно. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, сүүлийн 70 жилд баригдаагүй урт төмөр замыг ашиглалтад оруулж чадсан юм. Тодруулбал, Монгол Улс 70 жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан бол 2019-2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, дотоодын сүлжээ нийт 2020 км болж өргөжсөн. Цаашид “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д туссан 1,2,3 дугаар үе шатны нийт 2661 км төмөр замыг байгуулснаар манай улсын үндэсний төмөр замын сүлжээ нийт 4680 км хүрч 4 дахин өргөжих боломжтой. Энэ бүтээн байгуулалтын эхлэл өнгөрсөн гурван жилд амжилттай, бодитойгоор тавигдсан нь энэ салбарт тэмдэглэгдэх рекорд амжилт ч мөн, реформ буюу шинэчлэл, өөрчлөлт ч мөн.
Боомтын сэргэлтийг чухалчлах, тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарах шалтаг, шалтгаан, үндэслэл хангалттай бий. Манай улс далайд гарцгүй, өргөн уудам нутагтай, хүн ам хамгийн сийрэг суурьшсан. Газрын хөрсөн доороо ч, дээрээ ч баялагтай. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын асар их нөөцтэй. Мөн дэлхийн хоёр дахь эдийн засаг БНХАУ, Европын тав дахь эдийн засаг ОХУ гэсэн хоёр том хөрштэй хиллэдэг онцгой байрлалтай улс. Дээр өгүүлсэн бүхний давуу, сул тал нь тэнцүү. Тиймээс манай улс газар зүйн энэ онцлог байдлаа ашиглан Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “Транзит Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй уялдуулж, “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод туссан зорилтуудад тулгуурлан Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл Боомтын сэргэлтийн бодлогыг Засгийн газраас боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Боомтуудыг бүс нутгийн интеграцчилалд оруулах, Ази, Европыг холбосон транзит тээврийн сүлжээнд холбохын тулд төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлого 10 гаруй жилийн өмнө батлагдсан, бэлэн баримт бичиг, замын зураг гарчихсан байлаа. Ийнхүү төмөр замын сэргэлтийг эхлүүлсэн юм.
Зүүн, баруун босоо тэнхлэгийн төмөр замын дээрх чиглэлүүд нь 2014 онд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын үзэглэсэн “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт туссан төмөр замын коридорын бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс Монголын талаас ялангуяа зүүн, баруун коридорын төмөр замыг хөгжүүлэх, цаашлаад Европ, Ази тивийг холбосон хамгийн дөт гарцыг нээхэд анхаарч байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард “Бүс ба Зам” санаачилгын 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ад айлчлах үеэр хоёр улсын хувийн хэвшлүүд зүүн, баруун коридорын төмөр замын тодорхой төслүүдэд хамтран ажиллах, томоохон хөрөнгө оруулалт татах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ талаар Оросын талтай тохиролцож, мөн Хятадын талын төмөр замын зүүн коридорын төсөл хөтөлбөрүүдэд тусгахаар яриа хэлэлцээр хийж байгаа юм.
Төмөр замын зүүн коридор нь Эрээнцав-Бичигт боомттой холбогдож Хятадын Зүүн хатавч боомтоор нэвтрэх, тус улсын Ляонин мужаар дамжин далайн Жинжоу боомт хүрэх. Ингэснээр Монгол Улсын гадаад худалдааны ачаа эргэлтийн Тянжины боомт дахь түгжрэл, ачаалал буурна гэсэн төсөөлөл бий. Баруун коридор буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмж тусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлд төмөр зам тавьж, улмаар Бургастай боомтоор Европ руу чиглэсэн төмөр замтай холбосноор цаашаа Энэтхэгийн далайд хүрэх бололцоотой гэж үзэж байна. Ингэж төмөр замын сүлжээгээ өргөжүүлэн Монгол Улс газар зүйн байршлынхаа давуу талыг ашиглаж Европ, Ази тивийн хамгийн дөт “Транзит улс” болох, дэлхийн худалдаа эдийн засгийн сүлжээнд идэвхтэй оролцохоор зорьж байна.
Засгийн газраас бүх боомтоо хатуу хучилттай авто замаар холбох, стратегийн боомтуудаа Үндэсний төмөр замын сүлжээнд бүрэн холбох, Замын-Үүд-Алтанбулагийн боомтыг олон улсын зэрэглэлийн хурдны замаар холбох томоохон зорилт тавьсан. Ингэснээр далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт 2 дахин нэмэгдэнэ.
ӨНГӨРСӨН ГУРВАН ЖИЛД ӨРНӨСӨН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
2022 оны хоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор олон жил улс төржин гацсан өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн түүхэн өдөр байсан билээ. Нэг үгээр хэлбэл, монголчууд өөрийн цариг, стандартаар, БНХАУ өөрийн цариг, стандартыг харилцан хүлээн зөвшөөрч, холбох байгууламжийг байгуулснаар боомтын боймыг тайлах улс төрийн болон олон улсын суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.
Энэхүү зөвшилцлийн хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 11-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, ердөө найман сарын дотор баригдаж, арваннэгдүгээр сарын 25-нд ашиглалтад орсон.
2022 оны гуравдугаар сарын 10-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж, зүгшрүүлэх тээвэрлэлт эхэлсэн. 2022 оны есдүгээр сарын 9-нд 16 жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орж, хил холболтын ачиж буулгах байгууламжийн зураг төсөв хийгдэж байна. 2022 оны долдугаар сарын 02-нд Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төслийн ажлыг эхлүүлсэн юм.
ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ
2022.07.02
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогоын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн Үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 415 орчим километр төмөр замын их бүтээн байгуулалтыг энэ өдөр эхлүүлсэн юм. Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлээр үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх эрхийг Засгийн газраас “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид шилжүүлсэн.
Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөрзамын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Бичигтийн боомтыг Монгол Улсын загвар боомт болон олон улсын жишигт нийцүүлэн хөрөнгө оруулалтын асуудлыг мөн шийдвэрлэсэн юм.
Ингэснээр Зүүн бүс нутагт боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, хот бий болох суурь нөхцөлийг бүрдүүлж, 800 орчим ажлын байр шинээр бий болж, жилд ойролцоогоор 12 сая тонн дотоодын ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина.
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ
2022.09.09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад оров. Уг төмөр зам нь монголчууд бие дааж барьсан, 100 хувь Монгол Улсын өмчлөлтэй анхны төмөр зам болсноороо онцлог. Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321.6 километр, 2 өртөө (Тавантолгой, Гашуунсухайт), 6 зөрлөг (Хайрхан, Хангай, Уртгол, Оюут, Шинэ-Ус, Хулант), 16 гүүртэй, төмөр замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм юм.
Уг төмөр зам баригдсанаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын Тяньжин зэрэг далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх, Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэж байна. Ийнхүү манай улсын экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 16 жил гацсаны эцэст бүтээн байгуулалт нь дууссан.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна. Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно. Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин тэлнэ гэж тооцжээ.
ЗҮҮНБАЯН-ХАНГИ
2022.11.25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомилогдсон боомтын зангилаа Хангийн төмөр замын бүтээн байгуулалтаар тайлагдаж эхэлнэ
Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замыг ашиглалтад оруулсан. Уг төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгасан нь нэгэн рекорд тогтоосон. Зүүнбаян-Хангийн төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 120 гаруй аж ахуйн нэгж, инженер, техникийн 600 гаруй ажилчин, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, 3000 гаруй оюутан залуучууд, нутгийн иргэд, малчид хүртэл оролцсон юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд бид бүтээн байгуулж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой төсөл байв. Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбосноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэх боломж бүрдсэн. Энэхүү төмөр замын шинэ гарц хоёр дахь Замын-Үүд, хоёр дахь Гашуунсухайт гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, боомилогдсон боомтын зангилаа энэ бүтээн байгуулалтаар тайлагдаж эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв.
ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ
2023.05.27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомт сэргэж, авлигажсан систем задарснаар эдийн засаг өдөр өдрөөр сэргэж байна
Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. 2022 оны тавдугаар сарын 26-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шивээхүрэн боомтын ажиллагаатай танилцаж, Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, AGV жолоочгүй, ухаалаг, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх замаар экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Ингээд нэг жилийн дотор дээрх яригдсан асуудлууд бодит ажил хэрэг болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн чухал ач холбогдолтой.
Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлсэн нь чухал ач холбогдолтой. Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт боомт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг. Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх юм. Цаашид боомтын хөгжлийг цогцоор нь дэвшилтэд технологитой уялдуулан хөгжүүлж чадсанаар 30-50 сая тонн ачааг экспортлох, ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэх болно.
ИРЭХ ЖИЛҮҮДЭД ӨРНӨХ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт 2024 оны гуравдугаар сард эхлэх бөгөөд хоёр жил орчим үргэлжилнэ
Зүүн босоо тэнхлэгийн 426 км төмөр замыг 2.2 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулна. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замаас 30 км орчимд 2.2 орчим тэрбум тонн, 100 км алслалд 6.7 тэрбум тонн эрдэс баялгийн нөөц байна. Энэ чиглэлд төмөр зам байгуулснаар тухайн бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж, дотоодын төмөр замын тээврийн хүчин чадал 25-30 сая тонноор нэмэгдэнэ.
Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төслийн нийт хөрөнгө оруулалт 2.3 их наяд төгрөг. Уг төмөр замыг концессоор барьж байгуулна. Засгийн газрын 2023 оны 300 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой “Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам” ХХК нь төслийг хэрэгжүүлнэ. Төсөлтэй холбоотой төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концессын сонгон шалгаруулалтыг ойрын үед зарлана. Олон улсын хөрөнгө оруулагчдад оролцох нь нээлттэй.
Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн 1255 км төмөр замыг байгуулахад 3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тус маршрутын дагуу 618 сая тонн ашигт малтмалын нөөц бүхий тусгай зөвшөөрөлтэй 16 компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ чиглэлд төмөр зам тавьснаар жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой.
“Богдхан” төмөр замын төсөлд ОХУ-ын хөрөнгө оруулагч нартай хамтарна. Төвийн төмөр замын Багахангай өртөөнөөс нийслэлийн баруун урд талаар Богдхан уул, Хөшигтийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал орчмоор тойрч Мандал өртөөтэй холбогдох 144.8 км төмөр яаралтай барьж байгуулах хэрэгцээ шаардлага бий. Энэ нь ОХУ-ын хөрөнгө оруулагч нартай хамтрах ажил юм. “Богдхан” төмөр замын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын түгжрэл буурах, Хөшигтийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах, УБТЗ-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн төмөр замыг барина. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эртний нийслэл Хархорин хотыг сэргээн босгох бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төсөлд хөрөнгө оруулагчид оролцохыг нээлттэй урьж буй.