14 байршилд 19.27 км авто зам тавьж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг түгжрэлийг бууруулах нэгдсэн бодлогыг танилцуулав.
Тэрбээр “Автозамын сүлжээг нэмэгдүүлэх, гол болон туслах гудамж замын холбоосыг сайжруулах зорилгын хүрээнд 2023 оны нийслэлийн төсөвт шилжих 36.0 тэрбум, шинэ 87.4 тэрбум төгрөгийг тусган баталж, 14 байршилд 19.27 км авто зам, гүүрийг шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна. Эдгээр зам, замын байгууламж, гүүрийн ажлыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
“Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийг боловсруулсан ба нарийвчилсан зураг төслийг эцэслэн 2024 оны хоёрдугаар улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
“Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн нэгдүгээр шугамын чиглэлийг тодорхойлохоор ажиллаж байна. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлийн төлөвлөлтийг судалж, өөрчлөх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг ажилласан бөгөөд долоон чиглэл санал болгож, тусгайлсан мэргэжлийн багийн судалгаатайгаар эдгээрээс сонголт хийх шаардлагатай гэж дүгнэсэн.
Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас төслийн нэгдүгээр шугамын чиглэл сонголтын урьдчилсан харьцуулсан судалгааг гүйцэтгэгч “Пома” группээр гүйцэтгүүлэхээр тохиролцоод байна” гэлээ.