Sunday, November 24, 2024

Ч.Батзориг: Машиныг цахим бүртгэлжүүлснээр E-Mongolia-гаас лавлагаагаа аваад төрийн үйлчилгээнүүдэд хамрагдаж болно

Date:

Авто замын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзоригтой машины цахим гэрчилгээний талаар ярилцлаа.

-Машины цахим гэрчилгээний олголт хэвийн явагдаж байгаа юу?

-Улсын хэмжээнд өнөөдрөөс (өчигдрөөс) эхэлж байгаа. Хотын хэмжээнд олгогдоод эхэлчихсэн. Энэ сараас олголт нийт хувийн тээврийн хэрэгсэл эзэмшигч рүү орж байгаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх тээврийн хэрэгсэл эзэмшигч улсын байгууллагуудад олголт хийгдээд хэвийн явж байна. Үүнийгээ дуусангуут хувийн тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж рүү орно.

-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэдэн хувьд олголт хийгдсэн байгаа вэ?

-Аравдугаар сард мэдээ авахад 16800 цахим гэрчилгээг суулгасан гэсэн мэдээ ирсэн. Цаашдаа өдөр бүр үйл ажиллагаа хийгдээд л яваа. Нийтийн тээвэр, такси үйлчилгээ, улсын тусгай хэрэгцээний машинуудад хийгдэж л байна. Зам тээвэр, хөгжлийн яам улсын хэмжээний гэрчилгээжүүлэлтийг орон даяар өнөөдрөөс (өчигдрөөс) эхлүүлсэн.

-Цахим гэрчилгээ суурилуулсан машинууд ямар давуу талтай вэ. Төрийн үйлчилгээнүүдийг цахимаар авах уу?

-Нэгдүгээрт, энэ нь дижитал буюу цахимжиж байгаа явдал. Хуучин бүртгэлийн дагуу Авто тээврийн үндэсний төв рүү очдог байсан бол гэрчилгээгээ солих, шинээр авах, үрэгдүүлсэн бол дахин авах хүсэлтүүдийг E-Mongolia-гаас авах хүсэлтээ явуулах боломжтой болно. Мөн жолооч нарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авчир гээд л янз бүрийн байдлаар заавал цаасан хэлбэрээр үзэхгүйгээр шууд л E-Mongolia-гаас лавлагаагаа аваад төрийн үйлчилгээнүүдэд хамрагдаж болно. Нөгөө тал нь Улаанбаатар хотод зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь бүртгэлжүүлж байгаа гэсэн үг. Өнөөдөр бид тээврийн хэрэгсэл хаагуур яаж явж байгааг хэдхэн тооны байршилд байсан камеруудаар хэмждэг. Цахим гэрчилгээтэй болсноор 161 байршлаар явж байгаа тээврийн хэрэгслийн зорчилт дуустал төлөвлөдөг, цаашлаад зорчиж дуустлаа зогсоолоо захиалдаг, зогсоолын төлбөрөө, татвараа түүгээрээ төлдөг. Тэгэхийн тулд заавал хөндлөнгийн хүн, цагдаагийн байгууллага оролцуулахгүйгээр шийдэх боломжтой. Мөн төрийн байгууллага, цагдаагийн байгууллага тээврийн хэрэгслийн мэдээллийг олж авах боломж бүрдэнэ. Жишээ нь, цагдаагийн лавлагааг шууд гаргаад өгчихдөг. Цагдаа нь заавал гэрчилгээгээ машиндаа авч явсангүй, чамайг торгоно гэх зүйлгүй болж, цахим гэрчилгээгээр тухайн жолооч зөрчилтэй байна уу, торгуультай байна уу, татвар төлбөрөө төлөөгүй байна уу гэдгийг төрийн байгууллагууд шууд мэдэх бололцоотой болно. Нөгөөтэйгүүр хамгийн том давуу тал нь тээврийн хэрэгсэл эзэмшигчид өөрсдөө хөдөлгөөний зорчилтыг мэдэх бүрэн боломжтой болно. Одоо жолооч нар Google map хараад л энэ урсгал улаан байна, ногоон байна энэ замаар явъя гэдэг. Цахим бүртгэлжүүлснээр өөрсдийн зорчих урсгалын замыг хянах боломжтой болж байгаа. Яваандаа бүх машин GPS, аппликэйшнд холбогдоод ирэхээр түүнтэй нь холбоод өгчихнө. Гэх мэтээр давуу тал ихтэй.

-Хотын дарга мэдэгдэхдээ улаан, ногоон бүс болгоод улаан бүс рүү нэвтрэхэд өдөрт 27 мянган төгрөг авна гэсэн. Энэ бүсчлэлийг хэрхэн тогтоож байгаа вэ?

-Хотын даргын хэлж байгаа улаан, ногоон, шар, хөх зэрэг өнгөөр бүсчлэх асуудал дээр шинэ хуулийн зохицуулалт орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол хуучин бидэнд байсан систем шүү дээ. Их тойруу, Бага тойруу, Микро район гээд байлаа. Тийм зүйл нь байхгүй болчихсон. Тэгэхээр одоо бүсчлэх тогтолцоог шинээр оруулж ирж байгаа юм. Хүмүүсийн хэлээд байгаа шиг хотын төв рүү зорчсон хэдэн урсгалд л төлбөр авдаг систем биш. Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийг бүсчлэх асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хаана ямар тээвэр ложистик, хаана ямар дэд төвүүд, хаана ямар зам, замын байгууламжийн сүлжээ, нийтийн тээврийн чиглэл маршрут бүрчлэн бүсчлээд хүн амын нутагшил, албан газар ажлын байр, сургууль цэцэрлэг, хүн амын орон сууцжуулсан байдалтай уялдуулж бүсчилнэ гэсэн үг. Энэ бүсчлэх зохицуулалтыг хуулиараа эрх олгож байгаа юм. Ингээд бүсчлээд ирэхээр хоёр зүйл орж ирнэ. Нэгдүгээрт, бүсчлэхээр төлбөрийн асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт, бүсчлэлд тодорхойлогдсон хэсэгт барилгажилт, орон сууцжуулалт, газар зохион байгуулалтыг хийх үндэслэл нь бий болно. Хуучин ИТХ л хэсэгчилсэн инженерийн төлөвлөгөө, хэсэгчилсэн газрын төлөвлөлтийг баталдаг байсан бол одоо энэ бүсчлэлд хамааруулж тэр төлөвлөлтүүдийг хийдэг болж байгаа юм. Ингээд ирэхээр төлбөрийн системтэй ч болгож болно. Түүнд тохируулаад барилгажилт, газар олголт бүсчлэлээсээ хамаараад ялгамжтай байдлаар тэнцвэртэй олгох нөхцөл нь бүрдэнэ. Энэ бүсчлэлийн нэг хэсэг нь цахим гэрчилгээг унших төхөөрөмж нь 161 байршилд байгаа. 161 байршил гэдэг нь сая ярьсан бүсчлэлийн нэгээхэн хэсэг. Нэг бүсчлэл дотор авто машин, тээврийн хэрэгсэл уншигчийн нэг бүсийн хэсэг л байх нь. Дахиад ложистик буюу баруун, зүүн бүст дахиад нэг бүсчлэл тогтоох нь байна шүү дээ. Энэ хэсэгт зөвхөн ложистикийн төв байна. Баруун аймгуудаас ирсэн төмөр зам, паркуудын бүсчлэлийг энэ хэсэгт тогтооно. Энэ хэсэг аялал жуулчлалын бүс байна. Ийшээ нэвтрэлт тэд байна зэргээр ИТХ хэмжээгээ тогтооно.

-Иргэд татвар авах гэлээ гээд эсэргүүцээд байгаа?

-Хуулиар авто зам ашигласны төлбөрийн дээд хэмжээг УИХ тогтоож өгнө. Хуулиараа татварын хэмжээг УИХ л батална. Түүнд тохируулаад нийслэл өөрөө бүсчлэлээрээ төлбөрийнхөө хэмжээг харилцан адилгүй тогтооно гэсэн үг.

-Мөн дээрээс нь авто машинуудын номерыг үйлчилгээ, зориулалтаар нь өнгөөр ангилж төрийн үйлчилгээнийхнийг цэнхэр дугаартай болгосон гээд байгаа. Цэнхэр дугаартай машин татвар төлдөг үү?

-Цэнхэр, ногоон, улаан зэрэг өнгөөр номер ялгасан машиныг одоогоор нийслэлийн хэмжээнд татварын хөнгөлөлт болон үнэ тарифаас ямар нэгэн байдлаар чөлөөлсөн харилцаа огт байхгүй. Улаан дугаартай олон улсын дипломат корпусын машин адилхан татвараа төлөөд, жилийнхээ авто зам ашигласны төлбөрийг төлдөг. Албан байгууллагуудынх мөн ялгаагүй төлж байгаа. Түүн дээр их, бага гэсэн ялгамж байхгүй. Нэг л үйлчилгээтэй. Улаанбаатар бүү хэл улсын хэмжээнд авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн төлбөр нэг л байна. Түүнийг яаж тогтоох вэ гэдгийг харин ИТХ өөрөө хариуцна. Жишээ нь, Улаанбаатар хот ноднин авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татварыг нэмчихсэн байхад Дархан-Уул аймагт нэмээгүй л байгаа. Үүнтэй адил гэсэн үг.

-Цэнхэр дугаартай машинд дугаарын хязгаарлалт үйлчилдэг үү?

-Одоогийн байдлаар дөрвөн төрлийн тээврийн хэрэгсэл цэнхэр, цагаан дугаар хамаарахгүйгээр дугаарын хязгаарлалтад орохгүй явж байгаа. Нэгдүгээрт, тусгай зориулалтын тоноглолын авто тээврийн хэрэгсэл гэдэгт цэнхэр ихэвчлэн дугаартай машинууд байгаа. Гэхдээ зарим тохиолдолд хувийн эмнэлгийн машинууд орно. Хувийн эмнэлгийн машин цэнхэр биш цагаан дугаартай. Тусгай тоноглогдсон гал түймэр, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын машинууд хязгаарлалтад ордоггүй. Хоёрдугаарт, ногоон дэвсгэртэй эко машинууд дугаарын хязгаарлалтад орохгүй. Бүрэн цахилгаан болон газан машинууд. Гуравдугаарт, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт нөлөөлөхгүй.

Дөрөвдүгээрт, тухай бүрд нь олгож байгаа буюу зарим үед сэтгүүл зүйн салбарынхан, зарим үед хүнд байнгын эмчилгээ өдөр бүр хийлгэх шаардлагатай үед гэр бүлийнхэн нь дугаарын хязгаарлалтад орохгүйгээр тухайн өвчтөнийг эмнэлгийн үйлчилгээнд хамруулах зорилгоор дугаарын хязгаарлалтад орохгүйгээр зорчино. Мөн асаргаа шаардлагатай, эрүүл мэндийн хувьд байнга асаргаа сувилгаанд явдаг хүмүүс хүсэлт гаргасны дагуу эмнэлгийн байгууллага болон бусад газрын тодорхойлолтыг үзээд хязгаарлалтад оруулахгүй явуулж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...