Эдүгээгээс яг нэг жилийн өмнө Засгийн газраас нэгэн тогтоол гаргасан юм. Агуулга нь Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай. Уг тогтоолоор ашигт малтмалын салбарын үйл ажиллагаатай холбоотой олон зохицуулалт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, гааль, татвар зэрэг байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Тухайлбал Засгийн газрын шийдвэргүйгээр төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /off-take/ бүх төрлийн шинэ гэрээ байгуулахыг зогсоохыг уг тогтоолоор чиглэл болгосон юм. Мөн хүчин төгөлдөр гэрээ, хэлцлүүдийн хүрээнд экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны 4 дүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК 500.0 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 300.0 сая ам.доллар, “Монголросцветмет” ТӨҮГ 20.0 сая ам.доллар, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ 15.0 сая ам.доллароос багагүй орлогыг тус тус төвлөрүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгож байв.
Энэ үүрэг даалгаврыг дээр дурдсан төрийн өмчит уул уурхайн компаниуд биелүүлсэн. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилж бүтэн жилийн хугацаанд ажиллуулсан юм.
Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын нүүрсний экспортын 42 хувийг дангаараа бүрдүүлж улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн татвар хураамж төлжээ. Монгол Улс 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 48.9 сая тонн нүүрс экспортолсны 20.6 сая тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК экспортолсон байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ныг дуустал буюу онцгой дэглэмийн хугацаанд 32.7 сая тонн нүүрс борлуулж 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Компанийн түүхэн дэх нийт борлуулалтын 28 хувийг онцгой дэглэмийн үеийн борлуулалтын орлого эзэлж байна.
Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 26.0 сая тонн нүүрс олборложээ. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх 13 жилийн хугацаанд нийт 116.9 сая тонн нүүрс олборлосон дүн мэдээ байна. Энэхүү нийт олборлолтын 22 хувийг онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд олборложээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэмийн хугацаанд нийт 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого бөгөөд нийт орлогын 41 хувийг эзэлж байна. Монгол Улс 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 48.9 сая тонн нүүрс экспортолж, нүүрсний салбарт шинэ амжилт тогтоосны 20.6 сая тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” бүрдүүлжээ.
Дээр дурдсан хэдэн тоо, баримтаас харахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг үр ашигтай ажиллуулж болдог юм байна, хэрвээ өнгөрсөн 13 жилд ингэж ажиллуулсан бол улсын төсөвт ямар хэмжээний орлого төвлөрч, эдийн засагт хэр өгөөж, үр шим нь үлдэх байж вэ гэдгийг төвөггүй төсөөлж болно. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэгэнтээ онцолсон “алдагдсан боломж”-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр тодорхой харж болохоор байгаа юм. Компанид онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан нэг жилийн орлого өмнөх 12 жилийн орлогынх нь 41 хувийг эзэлж байна гэхээр бүхэл бүтэн таван жилийн орлогыг ганцхан жилд төвлөрүүлж чаджээ.
Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн нэг жилд алдагдсан боломжийг эргүүлж авчрав. Алдагдалгүй ажиллах боломжтойг, ахиу олборлолт, борлуулалт хийж, илүү ашиг олох нөөц бололцоо бүрэн бий гэдгийг нотлон харуулж чадлаа.
Нүүрсний экспортод тулгуурласан эдийн засагтай манай улсын хувьд энэ бүх эерэг үзүүлэлт үр нөлөөгөө үзүүлж эхэлжээ. Монгол банкны валютын албан нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засагт, бизнест, айл өрхийн амьжиргаанд ханшийн дарамтыг багасгаж, төгрөгийн ханш тогтворжих гол баталгаа болж байна. Монгол Улс нүүрсээ хил үнээр, биржээр зардаг болсноор далд эдийн засаг ил болж, нүүрс дагасан бизнесүүд бүртгэлтэй, энд эргэлддэг мөнгөний урсгал татвараар дамжин төсөвт орлого олж орж эхэлсэн. Экспорт нэмэгдсэнээр хямрал, хүндрэл холдож, эдийн засаг 2023 оны эхний хагас жилд 6.3 хувиар өсөв. Монгол Улсад эрдэс бүтээгдэхүүнийг биржээр борлуулах эрх зүйн орчин бүрдэж, үр дүнд нь “Эрдэнэс Тавантолгой” 54 удаагийн арилжаанд оролцож, 7.2 сая тонн нүүрс борлуулж, 359.7 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Олборлолт, экспорт, орлого сайжрахын хамт компани 363.2 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийжээ.
Онцгой дэглэмийн нэгж жилийн хугацаанд нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт хийгээд бусад үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, эрүүл зөв голдиролдоо орсон “Эрдэнэс Тавантолгой” ХК цаашид уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспортод голлох үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Нэг үед улсын хэмжээнд 30 сая тонн нүүрс экспортолно гэдэг асар холын зорилго мэт санагддаг байсан бол энэ жил л гэхэд 40 сая тонныг экспортлох нь тодорхой болжээ. Цаашид 60 сая тонн ч энүүхэнд харагдаж байна.