“Шувуу” ажиллагаагаар хилийн чанадаас баривчилж ирсэн Т.Бадамжунайн хэрэг “Хонгил”-оор орчихлоо хэмээн хэвлэлүүд бичиж байна. Энэ нь оргүй ч биш. Хэвлэлд мэдээлснээр Т.Бадамжунайн хэргийг шүүж буй Д.Дуламсүрэн гэх шүүгч нь 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар томилогдож байсан бол түүний хадам аав Д.Дамдин-Од нь 2014 онд мөн л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдож байжээ. Шүүгч Д.Дуламсүрэнгийн нөхөр Д.Дөлгөөн ч мөн л адил Еренхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Монгол нийгата хамтын ажиллагааны нийгэмлэг” гэх ТББ-ыг үүсгэн байгуулалцаж, Удирдах
зөвлөлийн даргаар нь ажиллаж байсан нэгэн аж. Энэхүү “ургийн мод”-ноос харахад л шүүгч Д.Дуламсүрэн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой маш ойрын хамааралтай гэж хэлж болохоор байна. Мөн Т.Бадамжунайн өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь Нийслэлийн прокурорын газарт Д.Дуламсүрэн шүүгчтэй хамт ажиллаж байсан, дарга цэргийн харилцаатай аж.
Нэгэн цагт Монгол Улсад шударга бусын “хонгил” гэгчийг бий болгож явсан Еренхийлегч асан Ц.Элбэгдорж нь нам өөр ч ашиг сонирхол нэг хонгилын бас нэгэн түлхүүрийг атгагч УИХ-ын дарга асан М.Энхболдтой маш ойр харилцаатай гэдэг. Тиймээс М.Энхболдын фракцын хамгийн нөлөө бүхий хүн Т.Бадамжунайн хэргийг шийдэх сонирхол шүүгч Д.Дуламсүрэнд байгаа эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Том утгаараа бол олон нийт шүүхэд итгэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхэд итгэх иргэдийн итгэл шалдаа буужээ.
Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Говьсүмбэр аймгийн шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэргээс мултрахын тулд цагдаагийн ажилтнуудад их хэмжээний авлига өгсөн хэрэгтээ хорих ялаар шийтгүүлсэн Н.Сүндийг хугацаанаас нь өмнө суллачихлаа. Шүүхийн шударга байдалд итгэх итгэл улам алга болов. Н.Сүндий хүчирхийллийн гэмт хэрэг, авлигийн гэмт хэрэг үйлдээд зогсохгүй мөнгө угаасан байж ч болзошгүй гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүн хэлж байсан байдаг. Юутай ч түүний үүсгэн байгуулсан “Нэткапитал” ББСБ АНУ-д оргон зайлууд буй Ч.Сайханбилэгт 800 сая төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогджээ.
Мөн хэдхэн хоногийн өмнө НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар АНУ-д оргож зугатсан Ч.Сайханбилэгт 8.9 тэрбумын санхүүжилт өгөөд, АТГ-аас мань эрийг саатуулсан. Дээрх хоёр дуулиан ямар нэг холбоотой байж мэднэ. Ийн хардах үндэслэлтэй.
Эх орноосоо оргон зугатсан этгээдийг санхүүжүүлж байгаа энэ далд схем “Хонгил”-ынхон хэчнээн амь бөхтэйг харуулж байна. Шүүхийнхэн “Хонгил”-д үйлчилсээр байгаа юм биш биз гэсэн хардлага улам батажсаар. Хөгжлийн банкны, Нүүрсний гэх мэт хэргүүдийн гол гол эзэд Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт шүүх нэг өөр ханддаг, иргэн Бат, Дорж нарт төмөр нүүрээ харуулдаг байж болохгүй. 2021 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаагаар авлига хамгийн их тархсан институцийн хоёрдугаарт шүүхийг нэрлэсэн. “Максима” судалгааны байгууллага саяхан “Шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь авлигын түвшин болон тэдгээрийн авлигын чиглэгдсэн байдлын үнэлгээ”-г хийхэд шүүх, хууль хяналтын байгууллагын авлига бусад салбараас хамгийн өндөр буюу 4.38 үнэлгээний үзүүлэлттэй гарсан байна. Авлига, албан тушаал, мөнгө угаахтай холбоотой том хэргүүд шүүхийн шатанд очоод шийдэгдэлгүй уддаг явдал нь Монгол Улсын авлигын индекс ухрахад нөлөөлж байх талтай. Шударга ёсны элч байх ёстой шүүгчид ашигт малтмалын нэг ордын маргаан дээр хоёр талцан үзэлцэж, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн, зарим нь хилийн чанадад зугтан гарсан ганц жишээ шүүхийн ялзралыг тод харуулна.
Тиймээс аргаа бараад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүгийн хуульд авлигын гэмт хэрэгтэн магадлангаар суллагдахгүй, ялыг бүтэн эдэлдэг болгох саналыг Засгийн газраас оруулсан. Тэр утгаар нь гишүүд дэмжих ёстой. Битгий өөрсдийгөө бодож, хуулийн үзэл санаа бөөрөнхийлөөд бай” хэмээн мэдэгдсэн байх. Л.Оюун-Эрдэнийн санаачлан эхлүүлсэн авлигатай хийх тэмцлийг зогсоох гэсэн ашиг сонирхол, бүлэглэл намд нь ч, засагт нь ч, сөрөг хүчинд нь ч олон байна. Тэд нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр аминдаа тулаад ирэхээр нэгдэн нийлж авлигатай тэмцэж байгаа Засгийн газар руу ноцож ч байна. Гэхдээ энэ Засгийн газрын авлигатай хийж буй тэмцлийг ард түмэн дэмжиж байгаа. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шударга ёсны төлөө, авлигатай хийх тэмцлийг манлайлна гэж амалсандаа одоо хүрч, Засгийн газрын тэмцэлд хүч нэмэх хэрэгтэй. Хүний биш хуулийн засаглал тогтооно гэсэн түүний бодит дэмжлэг одоо л хэрэгтэй байна. Хуулийн засаглалаас айсан “Хонгил”-ын бүлэглэлд толгой өндийлгөж боломж өгч болохгүй.