Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн Норвегийн жүжгийн зохиолч Жон Фоссе гэж хэн бэ? Утга зохиолын хорхойтнууд ийн сонирхож байгаа. Зарим нь түүний бүтээлийг уншсан, жүжгийг нь үзсэн ч байж мэднэ. Тийм бол “Өө, Жон Фоссе юу?” л гэнэ. Учир нь тэр жүжгийн зохиолуудаараа хэдийнэ алдаршсан. Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн дөрөв дэх норвеги зохиолч болсон энэ эрхэм дэлхийд хамгийн олон тоглогдсон жүжгийн зохиолчдын нэг. Түүний бүтээл зөвхөн жүжгээр хязгаарлагдахгүй. Тууж, яруу найргийн түүвэр, эссе, хүүхдийн ном, орчуулга зэрэг олон төрөл жанрыг хамардаг ажээ.
Норвегийн зохиолч Жон Олаф Фоссэ 1959 онд Норвегийн баруун эргийн Хаугесунд хотод төрсөн, эдүгээ 64 настай. Тэрбээр долоон настайдаа осолд орж сонсголгүй болох шахсан нь хожмын зохиол бүтээлд нь ихээхэн нөлөөлсөн гэнэ. Норвегийн Бэргэний их сургуулийг утга зохиолын мэргэжлээр төгссөн бөгөөд анхны зохиол “Raudt, svart” (Улаан, хар) нь 1983 онд хэвлэгджээ. Гэхдээ 1981 онд оюутны сонинд хэвлэгдсэн “Han” (Тэр) хэмээх богино өгүүллэгийг нь уран зохиолчийн хувьд гаргасан анхны бүтээл нь гэж үздэг байна. Түүний утга зохиолын ертөнц дэх амжилт 1989 онд хэвлэгдсэн “Naustet” (Завин байшин) романаар эхэлжээ. 1992 онд анхны жүжгээ бичсэн нь “Nokon kjem til å kome” (Хэн нэгэн ирэх гэж байна) гэдэг нэртэй байв. Театрт анх тоглогдсон жүжиг нь “Og aldri skal vi skiljast” (Бид хэзээ ч салахгүй) ажээ. Тус жүжгийг 1994 онд Берген хотын Үндэсний театрт тавьжээ. Түүний бүтээл дэлхийн 40 гаруй хэлээр орчуулагдаж, жүжгүүд нь 1000 гаруй удаа тайзнаа тоглогдсон байна. Үүгээрээ Ж.Фоссе Европт жүжиг нь хамгийн олон удаа тоглогдсон зохиолч болжээ.
Шведийн Академийн гишүүн Андерс Олссон “Түүний бүтээл хүний хамгийн гүн мэдрэмж, түгшүүр, итгэлгүй байдал, амьдрал, үхлийн асуултуудыг хөнддөг. Түүний бичсэн бүх зүйл бүх нийтийн нөлөөлөлтэй байдаг. Энэ нь жүжиг, яруу найраг эсвэл зохиол эсэх нь хамаагүй, хүнлэг хандлагыг илэрхийлдэг” гэж үнэлжээ. Нобелийн комисс түүнийг “Дуу хоолой нь сонсогддоггүй хүмүүсийн дуу хоолой болсон шинэлэг жүжиг, зохиол бүтээлтэй” гэж үнэлж 2023 оны утга зохиолын шагналаа олгожээ. Ж.Фоссе өмнө нь Нобелийн шагналт нэр дэвшиж байсан бөгөөд энэ жил Нобелийн утга зохиолын шагналын төлөө Маргарет Атвуд, Харүки Мүраками, Салман Рушди зэрэг барууны орнуудад танигдсан алдартнуудтай өрсөлдсөн юм. Мөн хэвлэл мэдээллийн агентлагууд Цан Шүэ нэртэй Хятад зохиолчийг шагнуулах магадлал хамгийн өндөр гэж мэдээлж байсан юм.
Жон Фоссэ 2003 онд Францын Хүндэт легионы одон хүртсэн бөгөөд 2007 онд Английн “The Daily Telegraph” сониноос шалгаруулсан “Орчин цагийн амьд сэрүүн 100 суутан”-ы 83 дугаарт бичигдэж байв. 2011 онд Норвегийн хаан түүнд Осло хотын төв дахь Хааны ордны Гроттэн харшид байнга оршин суух эрх олгож байжээ. Энэ нь Норвегийн соёл урлагт оруулсан онцгой хувь нэмрийг үнэлэн олгодог өндөр хүндэтгэл юм. Ж.Фоссэ зохиол бичихээс гадна уран зохиолын орчуулга хийдэг байна.
Тэрбээр гурван удаа гэрлэсэн, зургаан хүүхэдтэй. Одоо словак үндэстэн эхнэртэйгээ Австрид амьдардаг. Олон жил архины хамааралтай явсан Ж.Фоссе 2012 онд лютеран шашнаасаа татгалзан католик шашинтан болж, улмаар нухацтай эмчилгээ хийлгэснээр согтууруулах ундаанаас бүрмөсөн гарчээ.