АНУ-ын Техас мужийн өмнөд нутгийн Старр бүсэд 32 км урт хилийн тусгаарлалтын хана байгуулж, цагаач иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглоно гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар пүрэв гаригт мэдэгджээ.
Ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг тэргүүлж буй экс ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдентай өрсөлдөх юм. Дональд Трамп нь АНУ-ын ерөнхийлөгч байх хугацаандаа хилийн хана барьж байгуулах ажлыг ерөнхийлөгчийн сонгуулийн гол амлалтаа болгож байсан юм.
Харин Жо Байден 2020 оны сонгуулийн үеэр “Хэрэв би ерөнхийлөгчөөр сонгогдвол тэрхүү ханыг нэг фут ч барихгүй” гэж байв. Ийм ч учраас Жо Байден 2021 оны нэгдүгээр сард албан тушаалаа авсныхаа дараахан анхны ажлуудынхаа нэг болгож “АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр хилийн хана дахиж барихгүй бөгөөд үүнд оруулсан бүх хөрөнгө мөнгөний эх үүсвэрт шалгалт хийнэ” гэдгээ мэдэгдэж байв.
Гэтэл Жо Байден энэ сарын 5-нд, барьж байгуулах хөрөнгө мөнгө нэгэнтээ батлагдсан тул хилийн хана барихыг хориглож чадахгүй гэсэн байна. Харин “Хилийн хана үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэдэг үү” гэсэн асуултад Жо Байден “үгүй” гэсэн хариу хэлжээ.