Sunday, November 24, 2024

“Топ продакт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Даваажав: Хуурай бетон барилгын салбарт цоо шинэ стандарт, соёл, хандлага авчирсан

Date:

Хуурай бетоныг олон улсад гаргах эрх бүхий патенттайгаар Монголд анх удаа үйлдвэрлэн гаргаж буй “Топ продакт” ХХК-ийн захирал Г.Даваажавтай ярилцлаа.

-Танай компанийн үйлдвэрлэн гаргаж буй хуурай бетон бол бидний уламжлалт хэрэглээ, ойлголтыг 180 хэм эргүүлсэн бүтээгдэхүүн юм байна. Тиймээс ч олон улсад гаргах эрхтэй Шинэ бүтээлийн патентыг Оюуны өмчийн газраас олгосон байх. Энэ санааг хэрхэн олов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-2010 онд би Чулуун овоонд хашаа, байшин худалдаж авсан юм. Гэтэл хашааны маань дааман хаалга нь салхинд нурж уначихаад болдоггүй. Хоёр тийшээ нээгддэг, нугастай хаалга байсан юм. Би ажил ихтэй, хашааны хаалгаа засаж амждаггүй яваад байлаа. Тэгээд ерөөсөө хоёр тийш савж унаад байхгүй гүйдэг хаалга хийхээр шийдсэн. Гүйдэг хаалганы доод талын замаа трубагаар хийхээр мэдээж түүнийгээ бетоноор бэхжүүлнэ шүү дээ. Би 2009 оноос эхлэн Таван толгой төсөл дэх бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцсан менежерээр ажиллаж байсан. Тиймээс тодорхой туршлага байгаа гэж найдаад цемент, элс, дайрга гээд бүх материалаа авчирч байгаад л хүрзээр тус бүрт нь хэмжээд багцаалдаж байгаад хольж цутгалтаа хийсэн. Гайгүй л бетон болох шиг болсон юм. Орой нь цутгачихаад маргааш үдээс хойш нь би өсгийгөөрөө товшиж үзсэн чинь бутарчихдаг юм. Жил гаруй хугацаанд бетоны менежер хийж байгаа мөртлөө бетон яаж бүтэж байна гэдгийг анзаараагүй явдаг юм байна даа гэж өөртөө уур хүрсэн. Тэгээд бодоод байсан ер нь бид нар шиг юугаа ч мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүст зориулсан бэлэн бүтээгдэхүүн, бэлдэц байж болдоггүй юм байх даа гэсэн бодол орж ирсэн. Тэгж л анх санаагаа гаргаж ирсэн. Тэгээд судалсан. Эхэндээ бол оюуны өмчийн патент авъя гэдэг санаа төрөөгүй. Технологийн инженерүүдтэй уулзаж “Надад ийм санаа байна аа” гэхэд “Наадах чинь болмоор юм байна шүү дээ” гэцгээсэн. Тэр дунд манай ангийн нэг найз ер нь гайгүй мэдлэгтэй залуу байдаг юм. Тэр найз маань “Европын орнуудын бизнесүүд дандаа ингэж шинэ санааг патентжуулж баталгаажуулдаг юм шүү. Чи яаж ийж байгаад Оюун өмчийн газарт өргөдөл өгөөрэй” гэсэн. Тэр талаар ямар ч мэдэгдэхүүнгүй хүн чинь Оюуны өмчийн газар очоод зөвлөгөө авлаа. Тэр дагуу материалыг нь бүрдүүлээд очсон ч хэд хэдэн удаа буцсан. Тэгээд л нөхөж бүрдүүлээд л ингэж явсаар байгаад 2011 онд өргөдлөө өгсөн. Патентаа олон улсын эрхтэйгээр авъя гэж өргөдөл өгсөн. Гурван жил шүүлт хийдэг юм байна. 2014 онд миний санааг олон улсад давхцал байхгүй юм байна гээд патент өгсөн. Олон улсын гэдэг нь надад Оюуны өмчийн газрынхны тайлбарласнаар Монгол Улсын нэгдэн орсон оюуны өмчийг хамгаалах конвенцийн гишүүн 18 орон байдаг юм байна. Тэр улс орнуудын аль нэгэнд миний санаа давхцаж байвал олон улсын эрхтэйгээр олгож болдоггүй, зөвхөн дотооддоо авдаг юм байна. Тэдгээр 18 оронд ийм шинэ бүтээгдэхүүн байгаагүй учир шинэ бүтээлийн загварыг маань олон улсын эрхтэйгээр Оюуны өмчийн газраас баталгаажуулсан.

-Оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн патент авчихлаа. Монголд төдийгүй олон улсад байхгүй шинэ бүтээгдэхүүн гаргах гээд байдаг. Үүнд хөрөнгө оруулалт мэдээж хэрэгтэй?

-Хараад байхад манай монголчууд шинэлэг юманд дургүй. Би барууны бизнесийн номуудыг их уншдаг. Тэндээс олж харсан нэг юм бол бизнест ч, амьдралд ч гол тулах цэг, хөшүүрэг, хөдөлгүүр нь өөрчлөлт. Өөрчлөлт тодорхой хэмжээгээр уналт авчирдаг. Түүнийг давж чадах юм бол үсрэнгүй амжилтад хүрдэг. Бид гэтэл өөрчлөлтөд дасал биш. Уламжлалт хэв маяг руугаа зүтгээд, нэг юмаа шүтээд л яваад байдаг. Би хөрөнгө оруулалтын чиглэлээр маш олон хүнтэй уулзаж хүсэлт тавьж, шинэ санаа, загвараа тайлбарлаж явсан. Патентаа бариад л түүнийгээ тайлбарлаад явна шүү дээ. “Чи зүгээр нэг цаас барьчихаад” гэх хүн ч таарч байсан. “Гоё юм байна” гэдэг үгийг байнга сонсож байсан. Үйлдвэрээ байгуулаад бүтээгдэхүүнээ гаргасны дараа ч ийм үгийг зөндөө сонсож байгаа. Энэ үйлдвэрээ байгуулаад явж байхдаа арай дэндүү зориг гаргачихсан юм уу гэж бодогдох үе байсан. Учир нь энэ бүтээгдэхүүн маань өмнө нь хэн ч сонсож, хэн ч хэрэглэж үзээгүй цоо шинэ ойлголт, хэрэглээ байсан.

-Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэдэг шүү дээ. Хөрөнгө оруулагчдад биш өөртөө л найдсан юм байна гэж ойлголоо, таны ярианаас?

-Яг тийм. Хувийн  хуримтлалаасаа, найз нөхөд, ах дүүсийн дэмжлэг, оролцоо бас байгаа. Хүн ер нь эхэлж мөнгөө зарцуулчихаад илүү гарсныг нь хуримтлуулна гэж байдаггүй юм билээ. Эхлээд шууд зоригтойгоор хуримтлуулах ёстой. Мэдээж олсон орлогоосоо амьдралдаа хүрэх хэсгийг үлдээнэ. Хүрэхгүй байсан ч хамаагүй. Хуримтлалаа эхлээд хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол зарцуулснаас илүү гарсныг  хуримтлуулна гэж байдаггүй юм байна гэдгийг олж харсан. Ингээд олон жил шууд хуримтлуулаад, дараа нь үлдсэнийг нь зарцуулдаг ийм зарчим барьсан. Мөрөөдлийнхөө төлөө явж байгаа юм чинь ингэхээс өөр арга байгаагүй. Хатуу зарчимтай, хугацаатай хадгаламж нээсэн. Ерөнхийдөө үйлдвэрээ байгуулахад ямар хэмжээний зардал гаргах вэ гэдгийг тооцоод төсвөө гаргачихсан. Хэр хэмжээний мөнгөтэй бол үйлдвэр ажиллах вэ, эхний бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргаж чадах вэ гэдгээ тооцоод, хуримтлалаа үүсгээд явсан даа. Ингээд 2020 он ч гарсан. Хуримтлал маань миний тооцож төлөвлөсөн хэмжээнд дөхчихсөн байсан. Тэр үед дохио өгсөн зүйл нь ковид. Цар тахал гэнэт гараад ирсэн. Тэгэнгүүт маш том мөрөөдөлтэй явж байгаа хүн чинь “Энэ тахал манай улсад яаж нөлөөлөх юм. Надад яаж нөлөөлөх юм” гэж бодсон. Ингээд хувийн төлөвлөгөө рүүгээ орж эхэлсэн.

-Хувийн төлөвлөгөөгөө хэрхэн гаргав?

-Үйлдвэрээ ковидын үед 2021 онд байгуулсан. Бүх юмаа харж байгаа юм. Дэлхий нийтээрээ ийм боллоо. Алгуурлавал би хожигдох юм байна гэж бодсон. Тэгээд л хөдөлсөн дөө. Хорио цээрийн өмнө юм үнэд ороогүй байхад үйлдвэрийн барилгын материал, тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эд материал гэх мэт төсөвт тооцсон бүх материалаа захиалсан. Бас юанийн ханш өсөхөөс өмнө БНХАУ руу холбогдоод үйлдвэрийнхээ захиалгыг өгч, 50 хувийн төлбөрийг нь шууд шилжүүлээд, 50 хувийг нь эскроу дансанд хийчихсэн. Ингэснээр ханшийн эрсдэлээс хамгаалж байгаа юм. Ингээд хорио цээрийн нөхцөл үүссэн үед манай үйлдвэр орж ирсэн. Яг тэр үед хийсэн зарим бараа, бүтээгдэхүүний төлбөр нэлээд өндөр болчихсон байсан. Тооцоод үзэхэд бид хэрвээ урьдчилж төлөлгүй үнэ өссөн үед үйлдвэрийнхээ төлбөрийг хийсэн бол хоёр дахин илүү зардал гарахаар байсан. Үүнээс сэргийлж чадсан. Ингээд 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр үйлдвэр байгуулах газар дээрээ очсон. Олон удаагийн хөл хорионы үе шүү дээ. Дөрөвдүгээр сарын 2 билүү 3-нд дахиад хөл хорио тогтоосон. Яг тэр үед залуучуудаа цуглуулаад хоол хүнсээ базаагаад, бүх материалаа цуглуулаад үйлдвэр дээрээ хөл хоригдсон. Хөл хорионд ажиллах маш үр дүнтэй. Хэн ч хаашаа ч явахгүй. Ингэж л үйлдвэрээ барьсан даа. 

-Цар тахлыг гэхээсээ илүү хүндрэл, бэрхшээлийг, маш өндөр эрсдэлийг сөрж шүү. Хэрвээ гэнэтийн, тооцоолоогүй асуудал үүсээд алдагдал хүлээвэл, ажил таг зогсвол яах вэ гэсэн болгоомжлол байсан уу?

-Яг үйлдвэр барьж байгуулж байхад хөл хориотой, цар тахлын маш хүнд хэцүү цаг үе байсан. Гэхдээ би нэгт гэвэл хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа болохоор, хоёрт гэвэл эртнээс бэлтгэж, тооцоолж байсан учир өөртөө болон багтаа бүрэн итгэлтэй байсан. Олон хүнд талархал илэрхийлэх ёстой. Хуурай бетон гээд ийм цоо шинэ бүтээгдэхүүн хийх гэж байгаа юм гээд уулзахад заавал тусалъя, тэрийг чинь бүтээгээд өгье гэсэн хүн олон байсан. Ах, эгч нар, найзууд, дүү нар гээд олон сайхан хүмүүс тусалсан. Дээр нь миний хамт олон маш эрч хүчтэй, итгэлтэй, зоригтой залуус. Монголд анхны бөгөөд цорын ганц хуурай бетоны үйлдвэрийг байгуулаад, бүтээгдэхүүнээ амжилттай үйлдвэрлэлд нэвтрүүлээд, хэрэглэгчдийн гар дээр хүргэх хүртэл намайг дагаж явсан залуус маань одоо хамт гар нийлээд ажиллаж байна. Хувийн компанид ажиллаж байхдаа бэлдсэн 18 сайхан залуу байдаг юм. Тэдний тав нь манай компанид одоо ажиллаж байгаа. Үлдсэн хэд маань ирье л гэдэг. Энэ бол миний 2009 оноос эхлэн бэлдсэн баг. 100 гаруй хүнээс шигшигдсэн шилдэг залуусаа бүгдийг нь цахилгаанчин, гагнуурчин, оператор гээд төрөл бүрийн мэргэжилтэй болгосон.

-Хувийн компанид ажиллаж байсан гэлээ. Бас түрүүнд бетоны менежер байсан гэж цухас дурдсан. Нууц биш бол хаана ажиллаж байсан бэ?

-Би уг нь эрх зүйч мэргэжилтэй. “Их Засаг” их сургуулийг төгсөөд мэргэжлээрээ хувийн компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж, өмгөөлөл хийж байсан. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж компанийнхаа өмнөөс шүүхэд гомдол гаргаад ялж байлаа. Тэр бол 68 хувийн татварыг эсэргүүцэж шүүх дээр ялалт байгуулсан анхны тохиолдол байсан. Мэргэжлээрээ дөрвөн жил ажиллаад “М Си Эс проперти” компанийн Тавантолгойн дахь бетон зуурмагийн үйлдвэр хариуцсан менежерээр ажиллаж эхэлсэн. Тавантолгойд биднийг очиход зэлүүд тал, хашаа хороо байхгүй, гурван гэр бариад л үйл ажиллагаагаа эхэлж байсан. 2016 оноос “Оюутолгой” төслийн уулын чулуу бутлан ангилах салбарын менежерээр ажилласан. Мөн 2013 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн. Энэ санхүүгийн боловсрол бас надад маш их хэрэг болсон.

-“Оюутолгой”-гоос гараад л компаниа байгуулсан уу?

-Тийм.

-Хуурай бетон гэдэг энэ бүтээгдэхүүн ямар онцлогтой, юугаараа давуу бас шинэлэг юм бэ?

-Монгол Улс 2022 онд анхны хуурай бетоны стандарттай болж энэ нь одоо Үндэсний стандарт хэмжээнд мөрдөгдөж байна. Өмнө нь манайд байсан бетоны стандарт бол шингэн байдлаар хэрэглэгчдэд хүргэх үйл явцыг зохицуулдаг байлаа. Энэ нь тухайн бүс нутагт хамаарна, тээвэрлэх зай, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байлаа. Манай үйлдвэр үүнээс арай өөр. Түүхий эд, материалыг хатаах зуухаар оруулж хатааж, бохирдлыг нь хоёр давхар сорогчоор бүрэн соруулдаг. Ингэснээр минерал түүхий эд гаргаж авч байгаа юм. Ийм минерал түүхий эдийн найрлага одоогийн бетоны стандартаас өөр. Тэр хэрээрээ манайх бат бэх өндөр гардаг.

Ер нь бетон зуурмаг өөрөө их нарийн технологиор хийгддэг бүтээгдэхүүн. Элс, дайргыг нь 5-10 давхар шигшүүрээр шигшиж ширхэгийн бүрэлдэхүүн үзнэ, физик, химийн шинэ чанарыг тодорхойлно, бохирдол, хатуулаг, цахиурыг шалгана. Эдгээр шинж чанарын үр дүнг нэгтгэж байж орцыг тохируулдаг гэсэн үг. Зүгээр тэдэн хүрз цемент, тэдэн хүрз хайрга гэдэг ойлголт огт биш юм. Манай бүтээгдэхүүн эдгээр чанар хяналтын дамжлагаар бүрэн орсон байдаг тул хаашаа ч тээврлэн хүргэх боломжтой. Үүгээрээ энэ салбарт цоо шинэ хуудсыг анхлан нээж байгаа юм. Тиймээс Монгол Улсын аль ч алслагдсан газарт стандарт бүтээн байгуулалт хийх нөхцөл бүрдчихсэн гэж ойлгож болно. Хэрэглэгч газар дээрээ тээвэрлэн хүргээд, зааврын дагуу ус хийгээд зуурахад л тухайн захиалсан төрлийн бат бэх баталгаатай гардаг. Тиймээс манай хуурай бетоныг мэргэжлийн бус хүн ч стандарт, норм алдалүйгээр зуураад хэрэглэх бүрэн боломжтой. Угаасаа энэ л миний дээр хэлсэн анхны үүдэл санаа байсан. Бетон зуурмагийг багцаалдан хийх аргаас одоо татгалзах цаг болсон.  Хуурай бетоныг зуурахад ямар нэгэн баримжаалан багцаалдах шаардлага огт байхгүй, хатуу стандарттай. Одоо бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ долоо хоног тутам дээж аваад байнгын лабораторийн хяналтад хадгалдаг. Монголдоо олон улсын стандартыг нутагшуулах, хэвшүүлэхийн төлөө явж байгаа учраас quality control буюу чанарын хяналт, quality assurance буюу чанарын баталгааг чухалчилдаг. Манай компанийн номер нэг асуудал бол safety first  буюу аюулгүй ажиллагаа. Манай залуучуудын эрүүл мэнд,амь нас нэгдүгээрт. Тэд маань үйлдвэрт ямар ирсэн яг тэр хэвээрээ л гэр бүлдээ очдог байх ёстой гэдэг зарчмыг нэгдүгээрт тавьдаг. Энэ өөрөө бас стандарт юм.

-Бетон зуурмагийн баримжаалах арга гэж хэллээ. Нээрээ барилгууд дээр бетон зуурмагаа нарийн хэмжээ, стандартаар цутгадаггүй гэж үү?

-Манай салбарт бетон зуурмагийг хэт энгийнээр төсөөлөн баримжаалан хийх арга барил байсаар л байна. Тэдэн хүрз дайрга, тэдэн хүрз элс, тэдэн хүрз цемент гэдэг чинь ерөөсөө л зууралт болгон өөр болно, ямар бат бэхийн марк гаргаж байгаа нь тодорхойгүй. Бетон зуурмаг барилгын бат бэх, чанартай байхыг тодорхойлдог гол хэсэг нь. Тиймээс үүнийг өөрийн мэдрэмжээр стандартгүйгээр, багцаалдан холих арга барилаар хийж болохгүй юм. Хэмжээ алдагдвал бутарсан юм болдог. Хүний хөрөнгөөр тоглодог. Хамгийн ноцтой нь тийм чанаргүй бетон хүний амь нас, эрүүл мэндэд аюултай. Мэргэжлийн бус хүн ч бетон зуурмаг хийчихэж болох тийм стандарт манай салбарт хэрэгтэй байдаг. Тиймгүй болохоор барилгын бригадууд, мэргэжлийн бус хүмүүс дээр хэлсэнчлэн чанаргүй бетон цутгаж, хүний хөрөнгөөр тоглож байгаа юм. Ганц бригадууд ч гэхгүй улсын төсвийн хөрөнгөөр алслагдсан газруудад баригдаж байгаа барилгуудад ч гэсэн бетон зуурмагаа багцаалдаж холиод л хийдэг. Муу болбол төсвийн мөнгийг үргүй зарж байна гэсэн үг. Салбартаа, зах зээл дээр бодит үр дүнг нэвтрүүлэхгүй бол болохгүй гэж бодсон. Энэ бодол маань патент авсны дараа бүр илүү хүчтэй болсон. Үүнийг л хийх гэж төрсөн юм шиг мэдрэмж төрсөн.

Манай хуурай бетоны эцсийн үр дүн нь хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагт онцгой ач холбогдолтой. Багцаалдан холино гэдэг чинь нэгдүгээрт ямар марк гаргаж байгаагаа мэдэхгүй. Зууралт болгон нь өөр гарна. Тэгээд хагарна, бутарна. Тиймээс энэ салбарынхаа чанарт дорвитойхон хувь нэмэр оруулъя гэж хичээж байна. Бид стандартыг тэргүүнд тавьдаг. Бетон үйлдвэрлээд, нийлүүлээд байна. Зуурмаг үйлдвэрээд нийлүүлээд байна. Тэр нь ямар стандарттай юм. Стандарттай юм уу, үгүй юм уу. Манай пэйж хуудас руу орох юм бол стандарт гэдэг үгийг маш олон хэрэглэсэн байгаа. Яагаад стандарт гэж яриад байна гэхээр жишээ нь энгийн байдлаар жишээ татаж тайлбарлахад Монгол Улс сайн стандарттай. Түүнийгээ дагаж мөрдөх хандлага, соёл ухамсар сул. Замын хөдөлгөөний стандарт гэж байдаг. Сайн ч стандарт. Яг тэр стандартын дагуу явбал хэчнээн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хамгаалагдах вэ. Гэтэл бид гарцаар гарахгүй, дүрэм зөрчинө, гэрлэн дохио их зөрчинө, хурд хэтрүүлнэ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барина. Энэ болгон хүний эрүүл мэнд, амь насанд халтай. Үүнийг өөрчлөхийн тулд стандарттай Монгол болмоор байгаа юм. Миний харж байгаа зүйл бол барилгын салбарт маш сайн стандарт байгаа. Үүнийг дагаж мөрддөг соёл, хандлага, хэвшил рүү бүгд орох ёстой. Энэ уриаг л нийгэмд түгээе гэж бодож явдаг. Стандарт мөрддөг болчихвол бетоныг бригадууд хийнэ үү, барилгын компаниуд хийнэ үү, хамаагүй. Монгол Улсад барилгын салбарт 600 гаруй норм дүрэм, 200 гаруй стандарт байна. Тэрийг дагаж мөрдөж байгаа нь хэд бол гэдэг хэцүү. Стандарт нийгэм, стандарт бүтээн байгуулалт яагаад эдийн засагт ашигтай вэ? Жишээ нь Жон Кеннеди “Америк баян болоод зам тавиагүй. Зам тавиад баян болсон” гэж хэлсэн байдаг. Гэхдээ үүнийг зөвхөн зам барих тухай хэлээгүй, стандарт зам барих тухай ярьсныг сайн ухаж ойлгох хэрэгтэй. Америкийн зам нь өндөр стандарттай. 100, 200 тоннын даацтай ачаатай машин даах сайн чанарын зам тавьсан. Гэтэл манай авто замууд машин нь ороод 44 тоннын даацтай. Манайх шиг жижиг улс орны хувьд ачаа эргэлт ийм удаан байх нь тэр чинээгээр хөгжлийн хурд бага байна гэсэн үг. Одоо 700 км зайд ойролцоогоор 4,500,000 төгрөгөөр 28 тонн ачаа тээвэрлэж байна. Хэрэв замын даац хоёр, гурав дахин илүү байсан бол дээрх үнээр хэчнээн тонн ачаа тээвэрлэн хүргэх боломжтой бол. Ингэж чадвал жилийн ачаа тээврийн эргэлт 2-3 дахин хурдасвал эдийн засагт ямар нөлөө үзүүлж чадах бол.

-Танай компанийн бүтээгдэхүүн хуурай бетоныг хаана ч, хэн ч нэг л стандартаар хэрэглэнэ гэсэн үг үү. Үүнд ямар нэгэн хүндрэл гарахгүй юу?

-Зааврыг дагаад хэрэглэхэд ямар ч хүндрэлгүй. Барилгын стандарт алслагдсан газар яагаад мөрдөгдөж чаддаггүй вэ гэхээр түүхий эд материалгүй, үйлдвэр, дэд бүтэцгүй, байгаа түүхий эд материал нь чанарын шаардлага хангахгүй газар байна. Тийм газарт байгаа юмаараа л орлуулаад бетоноо зуурдаг. Энэ нь стандарт зөрчиж байгаа юм. Тэгвэл Монгол орны өнцөг булан бүрт барилгын норм, стандартаа бүрэн мөрдөх боломжийг нь манай компани бүрдүүлж өгч байгаа юм. Манай хуурай бетоныг хаана ч нэг л стандартаар хэрэглэнэ.  

Бид зүгээр л нэг хуурай бетон гэж ийм шинэ бүтээгдэхүүн байна гэхээс илүү стандарт, соёл, хандлага түгээж, салбараа өөрчлөхийг хүсдэг. Манай компанийн хоёр борлуулалтын дугаар руу захиалга байнга ирнэ. Захиалга дээрээ харилцаа, үйлчилгээний соёл, мэргэжлийн ёс зүйтэй зөвлөгөө, бодит амлалт, хэрэглэгчийн тоолуурыг хий гүйлгэхгүй байх тал дээр маш их хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа. Мөн хэрэглэгч бүрийн хэрэглээний онцлогыг ойлгон харилцаж байна. Бизнест хамгийн том үнэ цэн бол бодит амлалт, итгэлцэл. Энэ бол мөн л стандарт юм шүү дээ.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...