Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой”-г онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа энэ үеэр мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриаллаа. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн удирддаг байх, аймаг бүрд олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулахаар боллоо. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, түүний холбогдох журамд аливаа байгууллагууд дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар заасныг заавал мөрдүүлэхээ Ерөнхий энэ үеэр мэдэгдлээ.
Тус төвийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгуулжээ. Улсын хэмжээнд Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт ийм төв барих ажил эхэлж анхных нь Ховд аймагт ашиглалтад орж байна. Энэхүү төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Тус төв ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ. Орон нутагт 30 гаруй ажлын байр бий болж байна.