Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн өнөөдөр /2023 оны есдүгээр сарын 3/ ашиглалтад орууллаа.
Манай Улсын газар нутгийн 10 орчим хувь салхины эрчим хүч ашиглахад нэн тохиромжтой. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй тул бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн боломжтой. “Сэрвэн” нарны цахилгаан станц нь үүнийг нотолж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод цаашид энэхүү давуу талаа ашиглан Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа тэлэх бүрэн боломжтойг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ. Төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаанаар хангаж байна. Мөн уламжлалт буюу дизель станцтай харьцуулахад нэг кВт цаг тутамд 700-750 төгрөгийн хэмнэлт хийж улсын төсөвт 175-200 тэрбум төгрөгийн боломж үүсгэн, эдийн засгийн хувьд анх байгуулсан өртгөө бүрэн нөхөж, дахин хоёр УЦС барих хэмжээний хэмнэлт бий болгожээ.