Өвчнийг эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс орон даяар эхлүүлсэн. Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах энэхүү ажлын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсжээ. Эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллага, 5000 гаруй эмч, эмнэлгийн ажилчдыг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж байгаа аж.
Эрт илрүүлэгт 2023 оны зургадугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт хүн амын 31.1 хувь буюу 1 047 271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд, насны байдлаар авч үзвэл 60.5 хувь нь хүүхэд, 39.5 хувь нь насанд хүрэгчид байна. Өвчлөлийн 700881 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 60.5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 11.9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн болон бодисын солилцооны, 8.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны, 6.3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 3.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь нийт өвчлөл, эмгэгийн сэжигтэй тохиолдлын 90.4 хувийг эзэлж байгаа
Мөн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн цахим мэдээллийн программуудыг стандартын дагуу нэгтгэн мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлгийн их өгөгдөл санг бий болгов. Мэдээний санд боловсруулалт, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн долоон багийг томилон ажиллуулж байгаа юм байна. Судалгааны үр дүнгээс дурдвал:
Хүүхдүүдийн хувьд эрт илрүүлэгт хамрагдсан тав хүртэлх насны хүүхдийн 10.2 хувь нь илүүдэл жинтэй, 5.3 хувь нь таргалалттай, 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй, 17.5 хувь нь өсөлтийн хоцролттой буюу намхан, 6-17 насны хүүхдийн 6.5 хувь нь илүүдэл жинтэй, 25.7 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байгаа тул хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл амьдрах хэв маягт бага наснаас нь сургах, эрүүл хооллолтын талаарх зөв мэдлэг, дадал, хандлага суулгах нэн шаардлагатай болохыг харуулж байна. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Судалгаагаар гурван настай гурван хүүхэд тутмын нэгд, таван настай гурван хүүхэд тутмын хоёрт, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гуравт, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой байгааг салбарын сайд онцлов.
Насанд хүрэгчдийн хувьд зүрх судасны өвчний үзлэг, шинжилгээгээр 40, түүнээс дээш насны нийт хүн амын 47.4 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 9.7 хувь нь өндөр, 1.3 хувь нь маш өндөр эрсдэлтэй, цусны даралт ихсэлт буюу артерийн гипертензийн тархалт 65 хувь, артерийн судас хатуурах эрсдэлтэй 28.5, судас хатууралтай 3.2 хувь байна. Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байснаас 2.8 хувийг нь шинээр илрүүлсэн. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 20.3 хувь нь өндөр эрсдэлтэй байна. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан зорилтот 45 болон 60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5, сэтгэл түгшилт 7.6, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна. Судалгаагаар 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 хүн нь шинээр оношлогдсон. Шинээр оношлогдсон тохиолдлын 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь уг илрүүлгийг тогтмолжуулж, эрт шатанд нь оношлох шаардлагатайг харуулж байгаа аж.
Эрт илрүүлгээр илэрсэн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Эрт, илрүүлэг, шинжилгээ оношилгоо эхлээд бүтэн жилийн хугацаа өнгөрч байхад хүн амын дөнгөж 31 хувь хамрагдсан нь хангалтгүй үзүүлэлт. Үүний галтгааныг Эрүүл мэндийн сайд тайлбарлахдаа “Нэгдүгээрт, иргэдийн энэ талаарх оролцоо ойлголт, мэдээлэл дутмаг байна. Гол хүчин зүйлс нь хөдөө, ялангуяа сум, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах нөхцөл боломж хязгаарлагдмал байсаар байна. Энэ нь насанд хүрэгчдийн эрт илрүүлгийн зургаан багцын шинжилгээг сумын эрүүл мэндийн байгууллагаасаа авах нөхцөл боломж хангагдаагүй, боловсон хүчин хүрэлцээгүй, оношилгоо эмчилгээний тоног, төхөөрөмж хүрэлцээ хангамж, дутмаг байгаатай холбоотой. Иймд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвөөр үйлчлүүлэх, үзлэгийн дараалал, ачаалал их байгаагаас орон нутгийн иргэд ялангуяа малчид эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. Энэ хүрээнд бид явууллын багийг зуны цагт ажиллуулж, хөдөөгийн иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, ходоодны дурангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Цаашдаа 2023, 2024 онд эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд нийт иргэдийг 100 хувь хамруулна” гэсэн байна.