Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11 цагт Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын спорт танхимд эхэлжээ.
Урьдчилсан хэлэлцүүлэгт 2 прокурор, 9 яллагдагч, 13 өмгөөлөгч, иргэний хариуцагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг нийт 400 гаруй хүн оролцож байна.
Урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр нээлттэй үргэлжилж байна хэмээн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Хэргийг эргэн сануулахад 2021 онд Хөвсгөл аймагт “Бэлтэс мөрөн” гэх компани байгуулагдсан байна. Улмаар иргэдэд маш их хэмжээний хохирол учруулж байгаа талаар аймгийн цагдаагийн хэлтэст мэдээлэл ирсэний дагуу 2022 оны нэгдүгээр сард хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад их хэмжээний хохирол учирсан, олон тооны иргэд хохирсон байдалд дүгнэлт хийж ажлын хэсэг байгуулсан байна. Мөрдөн байцаах албанаас 20-оод мөрдөн байцаагч, орон нутгийн 20 орчим гээд нийт 40 орчим мөрдөн байцаагчтай ажлын хэсэг шалгасан аж.
“Бэлтэс мөрөн” компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн иргэдээс 15-100 хувийн хүүтэй мөнгө татан төвлөрүүлсэн байдаг. Шалгалтын явцад тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоож, тус компанийн удирдлага болох 8 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Тиймээс тус компани болон ажилтнуудын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж хураан авсан ббайна. “Бэлтэс мөрөн” нь нэг гэр бүлийн компани бөгөөд сүү сүүн бүтээгдэхүүн, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байж байгаад сүүлдээ мөнгө төвлөрүүлэх, өсгөнө хэмээгээд иргэдийг хуурч эхэлсэн байдаг.