Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын ерөнхийлөгч Э.Макронд бараалхах үеэрээ НҮБ болон “Их долоогийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтад далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэх саналыг дэвшүүлж ажиллахыг эрхэм Ерөнхийлөгчөөс хүсчээ. Тэрбээр далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрчим хүчний хангамж, эдийн засгийн экспорт, хөрөнгө оруулалтын асуудал бол бусад улс орнуудаас туйлын өвөрмөц гэдгийг анхааралдаа авахыг хүссэн байна.
Ерөнхий сайд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлыг ийнхүү онцолсон нь учиртай. Тэрбээр Э.Макронтой зөвхөн Монголын асуудлыг ярьсангүй. Энэ бол бүс нутаг төдийгүй олон улс, дэлхий нийтийн асуудал. НҮБ-ын дэргэд далайд гарцгүй хөгжиж байгаа улс орнуудын бүлэг гэж нэгж байгууллага бий. Уг бүлгийн дэд даргаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд ажилладаг. Руанда Улсын Кигали хотноо 2024 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал болно. Монгол Улс энэ хуралд чухал үүрэгтэй оролцоно.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв 2013 онд далайд гарцгүй орнуудын санаачилгаар төсөл хэлбэрээр байгуулагдаж, 2018 онд Улаанбаатар хотод төв оффисоо нээсэн юм. Тус судалгааны төвд далайд гарцгүй 14 улс нэгдэж оржээ. Энэхүү судалгааны төв нь хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй гэсэн ангилалд багтах далайд гарцгүй 32 улсад тулгарч буй нийтлэг хүндрэл бэрхшээлийг судлах, тэдгээрийг даван туулах сайн туршлага, зөвлөгөө, зөвлөмж боловсруулан гишүүн орныхоо засгийн газарт хүргүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага юм. Энэхүү олон улсын байгууллагын төв оффисыг нийслэлдээ байрлуулж, удирдаж байгаа нь Монгол Улсын хувьд олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн байр суурь, үүрэг хариуцлагатай, идэвтэй үйл ажиллагаа явуулдгийн илрэл гэж болно.
Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, НАТО-г үүсгэн байгуулагчдын нэг, “Их долоо”-гийн гишүүн, Европын соёл иргэншлийн голомт, нийгэм, улс төр, эдийн засгийн томоохон төв. Тиймээс далайд гарцгүй хөгжиж байгаа улс орнуудын асуудлаар НҮБ-ын танхимд ч, Их долоогийн бүлгийн уулзалт дээр ч хүчтэй нөлөөлж чадна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Макронд бараалхахдаа энэ асуудлаар тодорхой дэмжлэг хүсэж, санал солилцжээ.