Нийслэлийн прокурорын газраас Ө.Алдармаа нарын 14 хүнд Эрүүгийн хуульд заасан “хахууль авах”, “хахууль өгөх”, “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-нд шүүхэд ирүүлсэн, уг хэргийн шүүх хуралдаан 16 удаа дараах үндэслэлээр хойшилжээ. Үүнд:
- Өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхардсан шалтгаанаар 7 удаа,
- Хохирогч нараас хүсэлт ирүүлсан шалтгаанаар 1 удаа,
- Өмгөөлөгч хэргийн материалтай танилцах шалтгаанаар 1 удаа,
- Шүүгдэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шалтгаанаар 1 удаа,
- Өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгч авч байгаа гэх шалтгаанаар 2 удаа,
- Шүүгдэгч амаржсан шалтгаанаар 1 удаа,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй байгаа шалтгаанаар 2 удаа дараалж,
- Өмгөөлөгч үйлчлүүлэгч нараасаа татгалзсан шалтгаанаар 1 удаа хойшилсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “…шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч ирээгүй…” , мөн зүйлийн 1.4 дэх заалтад “…шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон…”, мөн хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…анхан шатны шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна…” гэж заажээ. Шүүхээс шүүх хуралдааныг товлохдоо хуульд заасны дагуу хэргийн оролцогч, өмгөөлөгч тус бүрийн саналыг харгалзан үздэг, уг хэргийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан, шүүх дээрх үндэслэлүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Хэргийг эргэн сануулахад Ө.Алдармаа нь Нийслэлийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа бусдын хүүхдийг хууль бусаар элсүүлж, эцэг эхчүүдээс хахууль авсан гэх асуудал анх 2020 онд нийтэд ил болсон. Нэр бүхий 29 хохирогчтой гэх эл хэрэгт холбогдуулан:
- Ө.Алдармаа,
- Г.Долгорсүрэн,
- С.Амангүл,
- Л.Гэрэлтуяа,
- М.Бат-Очир,
- Б.Мөнгөн,
- Б.Өлзийсайхан,
- Г.Ариунзул,
- Д.Дашдорж,
- З.Оюунтуяа,
- Д.Дамдинрагчаа,
- Б.Батцэцэг,
- Д.Бадам,
- Б.Солонго зэрэг 14 хүнд Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д заасан дараах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээ шүүхэд шилжүүлжээ.