“Хурдан явъя гэвэл мөнгөө төл”
Манилад 35 сая хүн өглөө сэрнэ. Тэд ажил, сургууль, цэцэрлэгтээ яарч, аялал зугаалга, амралт чөлөөт цаг, амин хувийн бусад үй түмэн хэргээ бүтээхээр гэрээсээ гарна. Авто зам дээр нь 3.3 сая машин ирийж байна гээд төсөөл дөө. Мэдээж түгжрэлтэй нүүр тулна. Манайхаас ялгаатай нь манилачууд сонголттой. Мөнгөө төлөөд түгжрэлгүй замаар давхиад зорьсон газраа хүрэх боломжтой. Эсвэл 30 минут явах замыг гурав дахин урт хугацаанд туулъя гэвэл тухайн хүний л сонголт. Гагцхүү энэ бүхнийг урьдчилаад тооцсон байх ёстой. Түгжирнэ гэдгээ тооцож, ажил амьдралаа зохицуулна. Манилагийн 3.3 сая автомашины 500 мянга орчим нь төлбөртэй замаар зорчдог байна. Энэ нь өдөр бүр хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийнх нь 15 хувь түгжрэлгүй замыг сонгодог гэсэн үг. Төлбөртэй зам буюу Sky way-гээр зорчиход явсан зайнаасаа шалтгаалж төлбөр нь монгол мөнгөөр 2500-5000 төгрөгтэй дүйнэ. 20-30 минут орчим явахад 45 песо буюу 3000 орчим төгрөг төлж байх жишээтэй. Төлбөртэй замууд нь хувийн хэвшлийнх. Тиймээс дээрх мөнгө бүгд хувийн компаниудын дансанд ордог байна.
Дайны үеийн “Jeepney”-гээр хөл дүүжилсэн хэвээр
Манилад машинаа унаад гарсан хүн дээр хэлсэнчлэн хоёр сонголттой тулгардаг бол бүр машингүй явах бас нэг сонголт бий. Нийтийн тээвэр нь бас олон сонголттой. Тусгай замын автобус, метроноос эхлээд такси, бүр өнгөрсөн зууны дундуур АНУ-д үйлдвэрлэсэн, цэрэг, дайны зориулалттай жийп машиныг япон мотороор “монголчилж” тоноглосон “Jeepney” хэмээх автобус ч байна. Иргэдийнхээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчих сонголтыг нь дэмжихийн тулд авто замынхаа нэгдүгээр эгнээг бусад тээврийн хэрэгслээс чөлөөлсөн нь манайхтай яг адилхан. Нийтийн тээврийнх нь парк шинэчлэл харин асуудал дагуулдаг юм билээ. Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Филиппиний хэд хэдэн хотод микро автобус болон “Jeepney” автобусны жолооч нар Засгийн газрынхаа нийтийн тээврийг шинэчлэх хөтөлбөрийг эсэргүүцэн ажил хаялт зарласан байна. Үүний улмаас энэ оныг дуустал дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хойшлуулсан гэнэ. Уг нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэт хуучирсан “Jeepney” болон “Фургон”, микро автобусуудыг үе шаттайгаар нийтийн тээврээс шахаж гаргахаар төлөвлөсөн юм билээ. 15-аас дээш жилийн насжилттай нийтийн тээврийн хэрэгслүүдийг байгальд ээлтэй шинэ загварын автобусаар солих хөтөлбөр ойрын гурван жилийн дотор хэрэгжих байсан нь ийнхүү таг зогсчээ. Аливаа шинэ дэвшилттэй зүйл эсэргүүцэл, бэрхшээлтэй тулгардгийн нэг жишээ энэ. Филиппиний Засгийн газар нийтийн тээвэрт явж буй өнгөрсөн зууны дунд үеийн жийпнүүдээсээ салах зориг дутсан аж. Нөгөө талаар хуучин автобус, жийпний эзэд багагүй нөхөн олговор нэхэмжилсэн дуулдсан.




Нэгдүгээр эгнээ нээлттэй
Авто машины түгжрэлээр Манила хот дэлхийд эхний наймдугаарт, Зүүн өмнөд Азидаа гуравдугаарт ордог. Манай улсын хүн амтай тэнцэхүйц тооны авто машинтай энэ хот авто замын түгжрэлээ бууруулах бус нэмэгдүүлэхгүйгээр энэ түвшинд нь барих бодлого баримталдаг байна. Филиппинд жил бүр 500 мянган авто машин импортлогддог. Үүний 300 мянга нь Манилад “шингэдэг” гэхээр түгжрэлийг бууруулна гэж ярих үнэхээр боломжгүй. Юутай ч Манила хотын хөгжлийн газраас авто замын түгжрэлийг өнөөгийн түвшинд барихын тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна. Манила хот LRT BRT зэрэг тусгай замын автобустай. Метро Манила Скайвей систем буюу MMSS нь сайн хөгжсөн. Олон түвшний замуудтай. Хөдөлгөөн зохицуулалтын чиглэлээр U turning буюу нэг чиглэлийн эргэлтийг ашигладаг аж. Мөн дугаарын хязгаарлалт үйлчилдэг. ФМ радиог ашиглаж авто замын түгжрэлийг мэдээлдэг байсан гэнэ. Одоо бол сошиал сүлжээг ашиглаж мэдээлэл түгээх болж. Түүнчлэн Филиппинд хүүхэд залуучуудад замын хөдөлгөөний боловсрол олгоход ихээхэн анхаардаг байна. Товчхондоо бол түгжрэлтэйгээ янз янзаар л тэмцэж байгаа улс аж.
Манила хот авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг зорчуулдаг зохицуулалтыг эргэлт буцалтгүй хэвшүүлсэн. Энэ дүрмийг зөрчвөл өндөр торгууль ногдуулдаг байна. Манила хотын хөгжлийн газар MMDA-гаас мэдээлснээр жолооч нар нэгдүгээр эгнээ буюу нийтийн тээврийн хэрэгслийн замыг ашиглавал 1000 фунт стерлинг, замын тэмдэглэгээг зөрчвөл 150 фунт стерлингийн торгуультай. Дүрэм, журмаа зөрчвөл энэ мэтээр халаастай нь хатуу ярина. Зөвхөн торгууль шийтгэл дээр ч биш. Эдийн засгийн хөшүүргийг захиргааны гол арга хэрэгсэл болгосон юм билээ. Тухайлбал иргэдийнхээ авто машин унах хүсэл эрмэлзлийг шууд хааж хориглодоггүй. Гагцхүү машин авлаа гэхэд эдийн засгийн хувьд нэлээд чадавхтай байх хэрэгтэй. Учир нь бензиний үнэ өндөр. Үүгээр хэрэглээг нь хязгаарладаг байна.
Үргэлжлэл бий…




Г.СОНИНБАЯР