Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоногийн өмнө хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ “Одоо байгаа 76 мажоритар тогтолцоо бол зөвхөн нутаг дэвсгэрийг төлөөлж байгаа төлөөлөл. Тиймээс энэ нь өөрөө гишүүдийг асуудлыг хэсэгчилж харах зүйл рүү оруулчихаж байгаа юм” хэмээн онцолсон. Энэ бол Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын даргын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулж хэлсэн үг ч гэлээ сонгуулийн тогтолцоотой холбоотой байр суурь нь юм. Одоо байгаа 76 мажоритар тогтолцоогоор сонгууль явбал УИХ-ын гишүүд жижиг тойргийн эрх ашгаасаа илүү гарахгүй, аливаа асуудлыг үндэсний хэмжээнд харж, шийдэж чадахгүй. Тиймээс парламентын гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь жагсаалтаар сонгогддог болъё гэдэг үзэл баримтлалыг л Ерөнхий сайд хэлж байгаа.
УИХ-ын даргад дөрөвдүгээр сарын 5-нд өргөн барьсан УИХ-ын сонгуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд ч тогтолцооны энэ өөрчлөлт туссан. Төслүүд гэдгийн учир нь нэг нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан парламентад суудалтай гурван намын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгээс боловсруулж өргөн барьсан төсөл, нөгөө нь УИХ дахь АН-ын бүлэг дангаараа өргөн барьсан төсөл. Хуулийн дагуу УИХ-ын тухай сонгуулийн тухай хуульд ээлжит сонгууль болохоос өмнө нэг жил дотор гар хүрч болохгүй гэсэн босго бий. Энэ дагуу ирэх зургадугаар сараас өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл парламент цаг хугацааны шахаанд ороод байгаа гэсэн үг. Тиймээс өргөн бариад байгаа УИХ-ын сонгуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг парламент дээр нэгтгээд шуурхай горимоор хэлэлцээд явах байх гэсэн хүлээлт үүсээд буй.
Гэтэл улс төрийн намуудын төлөөлөл сүүлийн үед өөр байр суурь илэрхийлэх болсон аж. Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт зарим албан тушаалтныг дуудаж чиглэл өгсөн байна. Тэрбээр “Улс төрийн бусад намтай хүссэн тоглоомын дүрмээр нь өрсөлдье гэсэн. Хэрвээ хүсэхгүй байгаа бол хэвээр нь явуулъя” гэжээ. Өөрөөр хэлбэл тоглоомын дүрмээ тохирч чадахгүй эргэж буцаад байх юм бол тогтолцооны шинэчлэлээ хойш тавья, УИХ-ын сонгуулийг хуучнаар нь, мажоритар буюу жижигсгэсэн 76 тойргоор явуулъя гэсэн байна. Ерөнхий сайдын хувьд ингэж хэлэхээс ч аргагүй. Дээр хэлсэнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх боломжтой сар хагасын хугацаа үлдээд байгаа юм.
2023 оны хоёрдугаар сард МҮОНТВ-ээр ярихдаа “Эрх баригч намын даргын хувьд “Та нар л ялаад байдаг” гэдгийг их сонсдог. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, тогтолцооноосоо больё. Тэгж УИХ дахь улс төрийн намуудын төлөөллийг өсгөе. Ингэхээр “Шинэчилсэн найруулга хийж болно, гэхдээ нэг нам давамгайлсан байж болохгүй” гэдэг. Ингэдэг, тэгдэг гээд намууд байр сууриараа нэгдэж өгдөггүй. Дотроо мэтгэлцээн өрнүүлээд байдаг. Ер нь бол бид салаа замын уулзвар дээр байна. Шинэчилсэн найруулга, эсвэл нэмэлт, өөрчлөлт хийх, бүр огт өөрчлөхгүй байх боломжтой. Аль ч тохиолдолд Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. Ер нь холимог тогтолцоо гэдэг маань эхнийх нь УИХ-ын гишүүдийг тойргоос сонгоно. Тэд тойргоо төлөөлнө. Дараа нь үндэсний хэмжээнд сонгоно. Тэдгээр гишүүд нь үндэсний хэмжээний бодлогоо тодорхойлно. Маш энгийнээр бол ийм. Ингээд 50:50 болчихоор 50 хувь нь тойрогжиж, 50 хувь нь тэр үзэгдлийг эсэргүүцэж байгаа үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай. Нэг нам дангаараа үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихно. УИХ-д МАН, АН-аас гадна 4-5 намтай болно гэсэн үг. Нэг талаас энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг. Гэхдээ энэ нь нийгэмд зөв бол, хэт мөнгөний сонгууль багасаад улс төрийн намууд төлөвших бол, Монгол Улсад хэрэгтэй бол, тэгээд нийгэм ойлгоод бусад улс төрийн нам дэмжвэл энэ өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Өөрчлөхгүй явбал бас бэлэн байна. Тэгэхээр улс төрийн намууд өөрсдөө шийднэ. Би бол “Сонгууль дөхөж байна. Хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь өрсөлдье” л гэж байгаа юм. Дараа нь гомдолгүй. “Харин та хэд маань эвлэж нэгдээд, хоорондоо бага маргалдаад байр сууриа илэрхийлээч ээ. Хоорондоо илэрхийлэхээс илүүтэйгээр олон нийтэд тогтолцоо энэ бүх зүйлүүдээ тайлбарлаач ээ” гэж байгаа юм” хэмээн байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан юм.