УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулжээ. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас хоёр хүний нэрийг дэвшүүлж УИХ-д ирүүлсэн бөгөөд эдшээр нэр дэвшигчид уг албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготойгоор сонсголыг зохион байгуулсан байна.
Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Жаргалсайханы Золзаяа нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2005 онд Отгонтэнгэр их сургууль, 2007 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Илменау технологийн их сургууль, 2019 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Герман хэлний орчуулагч багш, маркетингийн мэргэжилтэй, Бизнесийн менежментийн магистр. 2007 -2008 онд “Монгол -Германы гүүр” төрийн бус байгууллагын төслийн зохицуулагч, 2008-2010 онд “Залуу маркетер” төрийн бус байгууллагын тэргүүн, 2011-2014 онд “Монголын маркетеруудын холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2001 оноос “Дримерс нэгдэл” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүнээр нь тус тус ажиллаж байгаа аж. Мөн 2016 оноос “Жи Си Ай Импакт” салбар байгууллагын гишүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, сенатороор ажиллаж байсан бөгөөд 2018 оноос “Стартап Маркетинг Спэйс” ХХк-ийг үүсгэн байгуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалтай.
Нэр дэвшигч Нямдаваагийн Монсор нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй. 2005-2006 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын мэдээлэл хангамжийн менежер, 2006-2007 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт даргын туслах, 2007-2010 онд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яаманд мэдээлэл хангамжийн менежер, 2010 оноос “Юу Эм Си Альфа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Ассет Менежмент” ХХК-ийн захирал, “Мандал дижитал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Мандал лайф” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Мандал ирээдүйн өсөлт” сан болон “Мандал хуримтлал хамтын сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах Засгийн газрын ажлын хэсэг нийт 9 хүний материал хүлээж авснаас 4 хүний материал хуулийн шаардлага хангаагүй байна. Шаардлага хангасан 5 хүнээс сонгон шалгаруулалтаа хийж, нэр дэвшигч Н.Монсорыг техник технологи, Ж.Золзаяаг эдийн засаг, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас сонгож нэр дэвшүүлж байгаа аж. Нэр дэвшигчид МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах талаараа өөр өөрсдийн төлөвлөгөөг танилцуулж, УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авчээ. Сонсголын тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргах юм.