“Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс баривчлан саатуулж авчирсан Т.Бадамжунайг цагдан хорих хугацаа ирэх сарын 7-нд дуусна. Үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүх, прокурорын мэдэх хэрэг. Хамгийн гол нь Т.Бадамжунай өнгөрсөн долоо хоногоос ам нээгээд эхэлжээ. Түүний амнаас унах үг бүр хань хамсаатнуудад нь, хамаарал бүхий этгээдүүдэд нь, нэгэн цагт халаас, хэтэвч холбоотой явсан бүгдэд айдас хүйдэс төрүүлэх нь тодорхой. Тиймээс “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгч болж байгаа нь сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас шууд “уншигдаж” байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг энэ. Бадамжунай баригдаж ирсэн биш баахан хүний “эвэр” доргив бололтой. 60 тэрбумын хэрэг, газрын наймаа, “Эрдэнэт”-ийн 49 хувийн маапаан, Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг тэр бүү хэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг хүртэл сөхөгдөж байх жишээтэй. Үхэхдээ ханьсаг гэж нэг гашуун үг байдаг. Бадамжунайн аманд багтаж байгаа хүмүүс хэрэг нь илэрч, баригдахдаа тулаад ирэнгүүт нэгдэж нягтран, үг хэл, үйл хөдлөлөө нийлүүлэх талаар нам нийлж, сэм ярилцсан гэх сураг ч дуулдаж байна.
Т.Бадамжунай ам нээж эхлэнгүүт ийнхүү “ичигсэд” хөдлөв. Хэвлэлийнхнээс үргэлж зугтдаг Б.Хурц хүртэл “Хувь хүний хувьд Т.Бадамжунай бол тийм муу хүн биш. Тэр үед үнэхээр Т.Бадамжунай гэдэг хүн бол том босс байсан. МАН болон МАХН-ын хоорон дахь олон асуудлыг шийдэж байсан. Бодитой үнэн. Юу үнэн гэвэл тэр хүн сайн менежер. МАН-ын зовлон, жаргалын менежер байхгүй юу. Түүнийг нь би сайн гадарлаж байна” хэмээн дэлгэрэнгүй ярилцлага өгөөд зогсож байх аж. Энэ мэтээр цаашид олон хүний баг хуурах нь тодорхой байна.
Т.Бадамжунайг нэгэнт аваад ирчихсэн учир одоо тэр “Шувуу” бус “Шүүр” ажиллагааны гол “хэрэгсэл” болжээ гэмээр. Авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн олон арван хүнийг төрийн алба хийгээд улс төрийн тавцангаас шүүрдэхэд Бадамжунай гэдэг асар том “Шүүр”-ийг ашиглах нь маргаангүй. Хог шүүрдэхэд тоос босдог. Тэр тоос яг одоо бужигнаж эхэлж байна.