Sunday, November 24, 2024

Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын 70 насны ойг тэмдэглэнэ

Date:

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найргийн мастер, нэрт зохиолч, яруу найрагч, багш сурган хүмүүжүүлэгч З.Түмэнжаргалын мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1953 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд 10 хүүхэдтэй Загд хэмээх өнөр өтгөн айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ.

Бага насаа эцэг эхийн хайр халамжинд өнгөрүүлж, Угтаалцайдам сумын долоон жилийн сургуулийг амжилттай дүүргэн Улаанбаатар хотын Багшийн сургуульд элсэн суралцжээ.

1971 онд Багшийн сургууль, 1980 онд МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг тус тус амжилттай дүүргэсэн юм. Улс эх орондоо тасралтгүй 40 гаруй жил ажиллахдаа тэрээр Улсын тэргүүний 1-р дунд сургуульд багш, Сэлэнгэ аймгийн Ерөө дэхь тусгай сургалттай ТМС-ийн захирал, “Ардын эрх”, “Өнөөдөр” сонины тусгай сурвалжлагч, “Би Би”, “Ням гариг” сонины ерөнхий редактор, хэвлэл мэдээллийн “Нэр төр” төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан юм.

Мөн тэрээр Франц улсын Парисын дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд монгол хэлний багш, Монгол Улсын их хурлын даргын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төр нийгэм, соёл боловсролын салбарын хариуцлагатай, өндөр албыг нэр төртэй хашиж байсан юм.

Загдын Түмэнжаргал 1970 оноос уран зохиол сонирхон оролдож, 1978 онд “Шинэ танил” хүүхдийн шүлгийн, 1977 онд “Бид” яруу найргийн, 1979 онд “Үрийн тэнгэр” яруу найргийн эмхэтгэл, 1981 онд “Арван найман нас минь” шүлгийн, 1986 онд “Голын жараахай” өгүүллэгийн, 1988 онд “Нарны хүүхдүүд” хүүхдийн шүлгийн, 1991 онд “Нисдэг алим” үлгэр-туужийн, 1994 онд “Уяхан цэнхэр хавар” дууны шүлгийн, 1997 онд “Ус мөрөн олон чиг” шилмэл зохиолын, 1996 онд “Сонирхолтой математик”, 1997 онд “Унших бичиг-1”, 1998, 2000, 2005 онд “Цэцэрлэгийн сурах бичиг, 2001 онд “Цагаан толгой” сурах бичгүүд, 2002 онд “Чингис хаан” үлгэр-өгүүллэгийн, 2004 онд “Нисдэг алим” цуврал, 2005 онд “108 дуу” ном хэвлүүлж, 2004 онд Монголын уран зохиолын дээж 108 ботийн 104 дүгээр ботид шилмэл бүтээл нь бүрнээрээ орж, тухайн бүтээлүүдээрээ уншигчид, утга зохиол судлаач, мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлэлт авсаар ирсэн Монголын нэртэй зохиолчдын нэг, дууны шүлгийн нэрт мастер байлаа.

Монголын нийтийн дууны урлагт түүний бүтээсэн “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”,  “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”,  “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй бүтээл нь мөнхрөн үлджээ. Түүний зохиол бүтээл, Орос, Хятад, Япон, Солонгос хэлнээ орчуулагдан хэвлэгдэж сая сая уншигчдын хүртээл болсон юм.

З.Түмэнжаргал 1994 онд “Нисдэг алим” үлгэр-туужийн номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал,  2001 онд “Монголын тал нутаг” дууны шүлгээрээ утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагнал, 2004 онд дууны шилдэг яруу найрагчийн “Алтан микрофон” шагнал, 2004 онд шилдэг бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн юм. Авьяас билэгт зохиолчийн хөдөлмөрийг Монгол Улсын төр өндрөөр үнэлж Төрийн дээд “Алтан гадас” одон, 2007 онд соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнажээ. Тэрээр 2012 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Франц улсын Парис хотноо зуурдаар таалал төгссөн юм.

Түүний мэндэлсний 70 жилийн ойд зориулан найрагчийн үр хүүхэд, гэр бүл, найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчид ойг хэрхэн тэмдэглэх талаар хуралдаж, санал бодлоо солилцсон байна. 70 насны ойд зориулж төрсөн нутаг Төв аймгийн Угтаалцайдам сумын дунд сургуулийг найрагчийн нэрэмжит болгохоос гадна хүүхдийн дунд дууны уралдаан, эрдэм шинжилгээний хурал, зохиолын болон дурсамжийн эмхэтгэл хэвлүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...