Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Энэ чиглэлээр хэд хэдэн төсөл боловсруулж байгаа. Тэдгээрийн хоёрыг нь өнгөрч буй долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, 2023 онд багтаан эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах, төслийн суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн боломжийг судлан, авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын мэдээлснээр нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны 655 сая ам.долларын багц зээлийн санхүүжилтээс нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд BRT буюу Тусгай замын их багтаамжийн автобус төслийг энэ онд эхлүүлэхээр болжээ.
Ийнхүү 10 гаруй жилийн өмнөөс яригдаж, ашиглалтын өмнөх захиргаа нь байгуулагдах хүртлээ ажил нь явсан ч эргэж гацаанд орсон BRT төсөл хэрэгжиж, Улаанбаатар хот тусгай замын автобустай болох цаг ойртов. Энэ удаагийн BRT төслийг тусгай замын их багтаамжийн автобус гэж онцолж байгаа юм билээ. Дээрх төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө болон Ард Аюушийн өргөн чөлөө-Их Тойруу-Да Хүрээ гудамж-Цайз-Офицеруудын ордон чиглэлд тусгай замын их багтаамжийн автобус, шинэ төрлийн багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Тусгай замын их багтаамжийн автобус төсөл нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл бөгөөд цаашид хэрэгжих томоохон төсөл хөтөлбөртэй трассын хувьд уялдах аж.
Ийнхүү Улаанбаатар хотын гол чиглэлийн авто замуудад тусгай замын их багтаамжийн автобус явдаг болсноор түгжрэл зохих түвшинд буурна. Өнөөдөр нийслэлийн авто зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд 11 км/цаг болсон. Тэгвэл тусгай замын автобус нийтийн тээвэрт явж эхэлснээр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн дундаж хурд 18-25 км/цаг болно. Үндсэндээ хоёр дахин хурдан болно гэсэн үг.
Яагаад тусгай замын автобус гэж?
Тусгай замын автобус бол нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл бөгөөд хурд, нэвтрэх чадварыг эрс нэмэгдүүлдгээрээ давуу талтай. Улаанбаатарт BRT системийг нэвтрүүлж автозамын 2-4 дүгээр эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулах юм бол уг тусгай замаар цагт 8000-25000 зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэнэ гэж мэргэжлийн байгууллагууд тооцоолжээ. Энхтайваны өргөн чөлөөгөөр нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих болгосон хэдий ч автобуснууд 10-15 км/цагийн хурдтай л зорчдог байна. Тэгвэл тусгай замын автобусны сүлжээ ашиглалтад орох юм бол нийтийн тээврийн хэрэгсэл 40-45 км/цагийн хурдтай зорчих боломжтой болно гэсэн тооцоолол хийжээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар, хурд 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр нийслэлчүүд бид авто замын түгжрэлд баяртай гэж хэлэх болно. Сая хол давсан хүн амьтай том хотын хувьд Улаанбаатарт BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлага хэдийнэ бий болсон. Энэ бол дэлхийн том хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн шилдэг туршлага, оновчтой шийдэл, загвар юм.
Тусгай замын автобус гэдэг нэр томъёо монголчуудад төдийлөн танил биш. Олон улсын нэршил нь Bus rapid transport буюу BRT. Энэ нь нь ердийн автобусны системд суурилан нэвтрэх чадавх, хурд, найдвартай байдал зэргийг нь харьцангуй сайжруулсан нийтийн тээврийн шинэлэг хэлбэр гэж ойлгож болно. Ердийн нийтийн тээврийн автобус гэрлэн дохио, уулзвар зэрэгт цаг үрж, түгжрэх нь их байдаг. Харин тусгай замын автобусанд хөдөлгөөнд саатал учруулах аливаа зүйлийг аль болох хөнгөвчилж, олон замуудын уулзвар, зогсоол, буудал зэргийг ухаалгаар шийдэн, чирэгдлийг багасгах шийдлүүдийг шингээж өгснөөрөө давуу юм. Тусгай замын автобусыг анх нийтийн тээвэрт нэвтрүүлэхдээ автобусны бага зардлаар зорчих боломж, энгийн орчин, метроны хурд, хүчийг нэгтгэх зорилготой байжээ. Үүндээ ч хүрч чадсан байна. Дэлхийн томоохон хотуудад тусгай замын автобус зорчигч тээвэрлэх чадавхи, даац, хурд зэргээрээ метроноос илүү ач холбогдолтой болжээ.
Сайн туршлага, бэлэн загвар
Дэлхийн анхны BRT буюу тусгай замын автобусны системийг 1974 онд Бразилийн Куритиба хотод барьж байгуулжээ. Нийтийн тээврийн шинэлэг бөгөөд нэгдсэн сүлжээг бий болгох “Rede Integrada де Transporte” нэртэй энэхүү төслийг Куритиба хотын дарга, архитектор Жэйм Лернер санаачилсан түүхтэй. Эхэндээ зөвхөн Куритиба хотын гол артерийн судас болсон төв замд тусгай замын автобус явуулахаар төлөвлөжээ. Улмаар 1980 онд уг сүлжээгээ өргөтгөн салаа замууд нэмж байгуулан улам төгөлдөржүүлсэн байна. Өнөөдөр зургаан тивийн 207 хот BRT системийг нийтийн тээвэртээ нэвтрүүлээд байгаа бөгөөд дэлхий даяар өдөр бүр ойролцоогоор 34.3 сая зорчигч BRT буюу тусгай замын автобусаар үйлчлүүлж байгаа ажээ. Үүний 21.1 сая зорчигч нь Латин Америкийнхан байна. Дэлхийн анхны тусгай замын автобусны зорчигчид болсон хүмүүс арга ч үгүй биз.
Бразилийн 69 хотын 34 нь тусгай замын автобустай. Ийнхүү бразилчууд тусгай замын автобусаараа Латин Америктаа тэргүүлдэг ажээ. Тусгай замын автобусны тоогоороо Бразилийн дараа Колумби, Мексик орно. Бусад тивийн улсуудаас манай өмнөд хөрш Хятад болон Иранд тусгай замын автобусыг амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Мөн Индонезийн Жакарта хотын “Trans Jakarta” тусгай замын автобусны сүлжээ 210 км урт бөгөөд үүгээр 130 миль хурдтай зорчдог байна. Энэ бол дэлхийн хамгийн урт BRT зам юм. Олон улсын Тээврийн хөгжлийн бодлогын институтээс BRT стандартыг амжилттай нэвтрүүлэн хөгжүүлж буй улс орнуудын жагсаалтыг гаргахад БНХАУ тэргүүлж, Колумби, Бразил, Мексик, Перу зэрэг Латин Америкийн орнууд удаалжээ.
БНХАУ-ын Гуанжоу, Ичан хотуудад тавьсан тусгай замын автобусны шугам оновчтой бөгөөд үр дүнтэй болсныг онцолж, Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой хувилбар бүхий тусгай замын автобустай эдгээр хотоос туршлага судлах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.