Friday, November 22, 2024

“Эх орны цэрэг-2023” наадамд яруу найрагч А.Түмэнбаяр түрүүллээ

Date:

Жил бүр Монгол цэргийн өдрийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг “Эх орны цэрэг-2023” яруу найргийн наадамд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Алтанзагасын Түмэнбаяр түрүүлж, жанжин сэлэмний эзэн боллоо. Монгол Улсын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 112 жилийн ой, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилготой уг наадмын дэд байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Мягмарын Амархүү, гутгаар байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Базарсадын Баттулга нар шалгарч, тусгай байрын шагналыг МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Дамдиндоржийн Дамдинжав хүртжээ.

“Эх орны цэрэг-2023” яруу найргийн наадмыг утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор Г.Батсуурь, Төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат, утга зохиол судлагч, шүүмжлэгч Х.Чойдогжамц, МЗЭ-ийн Яруу найргийн төвийн тэргүүн Н.Минжинсайхан, МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар шүүн тунгаажээ..

Тэргүүн байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Түмэнбаярын шүлгүүдийг толилуулж байна.

МАНАН ДУНДАХ ЭХ ОРОН МАНЦУЙНДАА ҮНЭГЧЛЭХЭД….

Манан дундах эх орон манцуйндаа үнэгчлэхэд

Будан татсан уулс санаа алдаад

Манай эриний өмнөх балар цагийн цэцгийн зүүднээс

Бурхад сэрж,тэнгэрийн хатавчинд санаашрана.

Манан дундах эх орон манцуйндаа үнэгчлэхэд

Хавирган саран чоно улиж хөмсөг нь цантаад

Манай эриний өмнөх моддын навчиснаас

Хаадын дүрс тодорч,хадны бичээс билчээрлэнэ.

Манан дундах эх орон манцуйндаа үнэгчлэхэд

Цасны барс хүнгэнэж,униар сарниад

Манай эриний үеийн голын цооног мөстөж.

Цангасан их морьд бууж уруулаараа төөнөнө.

Манан дундах эх орон манцуйндаа үнэгчлэхэд

Хуучин туурь тодорч,илтэс нь будраад

Манай эриний он тооллын хаяаг манасан

Хуяг дуулгатай өвгөдийн булш уйтгарлана.

Манан дундах эх орон манцуйндаа үнэгчлэхэд

Араг үүрсэн ижий ,тэнгэрийн хаяанаас наашилж

Манай энэ үеийн үүсгэсэн хөшиг сөхөж

Аргай нумтай баатруудын мөр дээр сүү дусааж ивлэнэ.

Манан дундах эх орон,манцуйндаа үнэгчлэхэд

Цэцэн мэргэд шүлэгчилж,шанхаа илбээд

Манай өнөөдрийн он цагийн хүрднээс эргэсэн

Цэргийн цуваа дуулалдсаар гүвээ толгод давна.

Манан дундах эх орон манцуйндаа үнэгчлэхэд

Ноход хуцаж,од харваж,чимээлээд

Манай үеийн тэнгэрийн дуунаар зүүрмэглэсэн

Норовбанзадын аялгуу зүрхэнд уусна.

Манан дундах эх орон манцуйндаа үнэгчлэхэд…..

ХААНЫ ИХ ӨРГӨӨНД..

Хааны их өргөөнд

Харц иргэд ,галын дөл манаж

Аргай хэдэн хөвүүд

Асгасан шагай няслана

Эзэн их хуурч,хойморт нь

Эр бор харцагыг дуудан хуур татаж.

Хүрэл өвгөд сонсон

Хөх илдэндээ сүү дусаана

Хааны их өргөөнд

Хатан хүн ,нумын хөвч татаж

Номын их мэргэд

Нууц товчооны эхийг баринтаглана.

Гүнж гоо охид,хойморт нь

Гүн ухаантны дээлний энгэр зүйж

Эртний эх цэцэд тосон

Их хааны зарлигийг хүсэмжлэнэ

Хааны их өргөөнд

Хиа эмгэн,чанасан цай самарч

Хөдсөн өлгийтэй хүү Х

өлөөрөө тийрч зүүрмэглэнэ.

Амаржсан эх хойморт нь

Алтан гүцний цоргоноос дарс аягалаж.

Цал буурал туульсчид гардан

Цацартай их айраг цалгиана.

Хааны их өргөөнд

Харваач хөвүүн сумны зэв дархалж

Хэдэн бор хүн

Хээрийн аргал зээглэн түүдэг ноцооно.

Эх төрийн ноёд хойморт нь

Их засаг хуулийг бататгаж

Төрийн их зайран хэнгэргээ дэлдэж

Түүдэглэсэн галыг нь тахина.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...